"Пёнчан 2018" олимпын наадмын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэн түрүүлэх нь спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байгаа билээ. Өнөөдөр болсон богино үзүүлбэрийн төрөлд мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан гол өрсөлдөөн Оросын хоёр тамирчны хооронд өрнөв.
Эл төрөлд дэлхийн хошой аварга Евгения Медведева 81.61 оноогоор өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа шинэчилсэн. Түүний дараа үзүүлбэрээ үзүүлсэн залуу од Алина Загитова 82.92 оноогоор Е.Медведевагийн шинэчилсэн дээд амжилтыг ахиулав. Түүгээр ч үл барам тэрбээр өнөөдөр хамгийн шилдэг нь байлаа. Оросын хоёр тамирчны хэн түрүүлэхийг нөгөөдөр болох чөлөөт үзүүлбэрийн тэмцээн шийднэ.
1. Алина Загитова (ОХУ) – 82,92
2. Евгения Медведева (ОХУ) – 81,61
3. Кейтлин Осмонд (Канад) – 78,87
4. Сатоко Мияхара (Япон) – 75,94
5. Каори Сакамото (Япон) – 73,18
6. Каролина Костнер (Итали) – 73,15
7. Габриэль Дэйлман (Канад) – 68,90
8. Чхве Да Бин (БНСУ) – 67,77
9. Мираи Нагасу (АНУ) – 66,93
10. Карен Чен (АНУ) – 65,90
Хоёр шилдгийн хэн нь хэн бэ?
Өдгөө 15 настай Алина Загитова өсвөрийн дэлхийн аваргын хошой алтан медальтай. Өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн. Тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ сүүлийн хоёр жилийн турш ялагдаагүй байсан Евгения Медведеваг илүүрхэн, шуугиулсан. Олимпын наадамд анх удаа оролцож байгаа.
18 настай Евгения Медведева дэлхийн дэвжээнд хоёр удаа түрүүлж, дэлхийн дээд дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоосон. Эмэгтэйчүүдийн уран гулгалтын түүхэнд богино үзүүлбэрт 80, чөлөөт үзүүлбэрт 160, нийлбэр дүнгээр 240 онооны босго давсан анхны тамирчин.