Спортын хорхойтнуудын сэтгэлийг хөдөлгөсөн басхүү гонсойлгосон үйл явдал уран гулгалтын тэмцээний үеэр болов. Бүжгийн хосын төрөлд өрсөлдсөн Канадын тамирчин Тесса Вертью, Скот Мойр нар богино үзүүлбэрийн ангилалд 83.67 оноогоор дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Улмаар өнөөдөр болсон чөлөөт үзүүлбэрт гялалзан, олимпоос хоёр дахь түрүүгээ хүртсэн юм.
Түүгээр ч үл барам тэд бүжгийн хосын төрөлд олимпын хамгийн олон медальтай тамирчин болжээ. Насаараа хослон бүжиглэж байгаа канад тамирчид Пёнчаны олимпын багийн төрөлд аваргалсан. Ийнхүү “Пёнчан-2018”-аас хоёр дахь алтан медалиа авч спортын хорхойтнуудыг баярлуулсан ч шагналаа гардуулсны дараа зодог тайлахаар болсноо албан ёсоор зарлан гонсойлгов. Одоогоос найман жилийн өмнөх Ванкуверийн олимпоос анхны түрүүгээ хүртсэн канад тамирчид олимпын гурван алт (нэг нь багийн төрөлд), хоёр мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө тус бүр гурав, нэг хүрэл медальтай.
Бүжгийн хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн Францын хос болох дэлхийн хошой аварга Г.Пападакис, Г.Сизерон нар “Пёнчан-2018”-аас ганзага хоосон буцах дөхөв. Учир нь тэд чөлөөт үзүүлбэрийн төрөлд оролцож байх үеэр Г.Пападакисын өмсгөлийн уяа тасарч, зүүн хөх нь ил гаран, ноцтой алдаа гаргасан юм. Эл алдаа тэдний амжилтад нөлөөлж, үзүүлбэртээ дэд байр эзэлсэн. Тэд өнөөдөр чөлөөт үзүүлбэрт гялалзсан ч Канадын тамирчдаас 0.79 оноогоор хоцорсон юм.
Эл төрөлд хүрэл медалиар АНУ-ын тамирчин Мэдисон Хаббелл, Захари Донохью нар энгэрээ мялаажээ. Уран гулгалтын тэмцээний бүжгийн хосын төрлийн сэтгэл догдлуулсан агшнууд "Өнөөдөр" сонин гэрэл зурагчин Э.Харцагын дуранд ийн буув.