“Монголын тэшүүрчдийн амжилт бидний үеийнхээс буураагүй. Дөмөгхөн тордож, дорвитойхон дэмжиж чадвал өндөр амжилт гаргах ирээдүйтэй олон тамирчин бий. Харин холбооны зөв бодлого, удирдлагын сэтгэл л дутаад байна. Монголын тэшүүрийн холбооныхон арай ч дээ гэмээр ажиллаж буйд, тэдний буруугаас болж олон тамирчин амжилт, хөдөлмөрөөрөө хохирч байгаад харамсдаг. Тэшүүрчид өвлийн олимпод анх оролцсоноос хойш олон амжилтаараа түүхэн жим татуулсаар өдий хүрсэн. Гэтэл Пёнчаны олимпын эрх авч чадсангүй. Бүр олимпод оролцсон тэшүүрчдийн амжилт 1992 оноос хойш тасарлаа. Дэндүү хариуцлагагүй байгаад сэтгэл гонсойдог. Сүүлийн жилүүдэд Монголын өвлийн спортыг цанынхан л олимпод тахалж байна. Бид тэгж яагаад чадахгүй гэж. Залуу, эсвэл хэдэн жилийн өмнө байсан ч болоосой. Махийтлаа дасгалжуулж байгаад олимпод оролцох хэмжээний тамирчин бэлтгэж, Монголдоо тэшүүрийн спортыг улам хөгжүүлэх юм сан. Даанч ярихаас өөр хийж чадах юмгүй өөрийгөө бодохоос уур хүрэх юм” хэмээн өвлийн олимпод оролцсон Монголын анхны тамирчны нэг Лувсаншаравын Цэнд гуай өгүүлэв. Азийн дээд амжилтыг хоёр, улсынхыгаа 43 удаа шинэчилсэн тэрбээр “Инсбрук-1964, “Гренобль-1968”, “Саппоро-1972” олимпод Монголын багийн тугчаар оролцсон гавьяатан. Булган аймгийн Сайхан сумын харьяат Л.Цэнд гуай Монголын спортын салбараас мэндэлсэн найм дахь, тэшүүрээс анхны Гавьяат цолтон юм. Өдгөө 78 настай түүнтэй ярилцлаа.
-Монголчууд өвлийн олимпод тамирчдаа анх сойсон “Инсбрук 1964”-т оролцсон, эх орныхоо тугийг залсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Монгол Улс өвөл, зуны олимпод оролцох тогтоолыг Намын төв хорооноос 1961 онд гаргасан юм. Түүнийхээ хүрээнд Бүх ард түмний анхдугаар спартакиадыг зохион, тамирчдаа шигшсэн. Биднийг мэргэжлийн дасгалжуулагчийн улирдлагад бэлтгэхийн тулд хойд хөршөөс тэшүүрийн дасгалжуулагч Паволов, цанын Иванов нарыг урилгаар авчирч билээ. Инсбрукийн олимпод монголчууд цана, тэшүүрийн төрөлд оролцож байв. Тэшүүрчид Казахстанд, цаначид Польшид олимпын өмнөх бэлтгэлээ базааж байгаад Москвад уулзсан юм. Бид тэндээс Инсбрукт галт тэргээр очсон. Олимпод анх оролцож байгаа биднийг гадаадынхан их сонирхоно. Олимпын нээлт эхлэхийн өмнө хэчнээн их сандарч, догдолсон гэж санана. Байсхийгээд тугаа шалгана, “Ээ, дээ эгц өргөж яваарай” гэж бусад маань захина. Олимпын нээлтэд тугаа мандуулан, орчуулагч Болийн хамт тэргүүн эгнээнд алхаж явсан мөч хамгийн сайхан. Өчигдөр болсон мэт тод санаж байна. Цэнгэлдэх даяар “Монгол, Чингис” гэж шуугиад л. Тухайн үед хэлэхийг хориглодог байсан хааны маань нэрийг цэнгэлдэх дүүрэн хүмүүс хэлэн, биднийг дэмжихэд сэтгэл их хөдөлж билээ. Нээлтэд Болийн хамт тугаа мандуулан явж байхад гадаадын нэг зурагчин авсан зургийг Ото (Ж.Отгонцагаан) хэдэн жилийн өмнө надад бэлэглэсэн. Тэр зургаа харах бүрт сайхан санагддаг юм. Боль монгол дээл өмссөн нь хүмүүсийн сонирхлыг их татсан. Харин бид хавар, намрын пальтогоор гоёсон. Тухайн үед үндэстнийхээ хэв шинж, ёс заншлыг агуулсан хувцсаар гоёх сөхөө бидэнд байгаагүй ээ. Туршлагагүйдээ л тэр. Уг нь монгол дээл, үнэгэн малгай өмсүүлэх санал гарсан ч Төв хороо зөвшөөрөөгүй юм билээ. Төв хорооноос Бооёо гэж хүн албаны төлөөлөгчөөр, цаначид наймуулаа, харин тэшүүрчид тавуулаа очсоноос Л.Дашням, Ц.Лхамжав, бид гурав уралдсан. Хамгийн залуу нь 21 настай Ж.Жавзандулам, ахмад нь 33-тай Ц.Данзан байсан юм.
-Л.Дашням гуай та хоёр нэг нутгийнх бил үү?
-Тэгэлгүй яах вэ, бүр нэг голынх. Ерөнхий боловсролын сургуулиа хамт төгсөн, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 10 жил хамтдаа амжилтын төлөө зүтгэсэн найзууд Л.Дашням, Ц.Лхамжав бид гурав гурвуулаа Гавьяат цол хүртсэн. Ц.Лхамжаваас хойш олимпод тэшүүрийн төрлөөр эмэгтэй тамирчин оролцоогүй. Би спортын салбараас мэндэлсэн найм дахь, тэшүүрээс анхны Гавьяат цолтон. 1970 онд хүртсэн юм. Миний өмнө дархан аварга Г.Өсөхбаярын өвөө “Буур” хэмээх Н.Жамъян аваргын энгэрийг Гавьяат тамирчин цолоор мялаасан.
-Өнөө үед спортын салбараас жилд хэдэн арваараа Гавьяат цолтон мэндэлж байна. Шагналын үнэ цэнэ буурсаных уу, эсвэл тамирчдын амжилт ахисных уу?
-Шагналын үнэ цэнэ буурсантай санал нийлнэ. Нөгөө талаар Монголд спортын олон төрөл жигд хөгжиж, тэр хэрээр тамирчдын амжилт ахиж байгаад олзуурхдаг. Амжилтыг нь урамшуулалгүй яах вэ. Үүнийг буруутгаж болохгүй. Харин одон, медалиар бус, тухайн тамирчны амьдралд хэрэгтэй, ар талыг нь шийдсэн дориухан юм өгвөл илүү тустай.
-Та олимпын өмнөхөн Азийн дээд амжилт шинэчилсэн. Түүнийгээ Инсбрукт давтах, ахиулах боломж хэр байв?
-Би олимпын дэвжээнд хоёр зайд хурд сорьсон л доо. 10 мянган метрийн зайд Азийн дээд амжилт шинэчилснээ ахиулах боломж байсан ч чадаагүй. Казахстанд болсон олон улсын тэмцээнд түрүүлэхдээ би 10 мянган метрийн зайд 16:25.07 секундийн амжилт гаргасан. Яг тэр үзүүлэлтээр баруун Германы тамирчин олимпод зургадугаар байрт шалгарсан. Харин бидний хувьд бүх зүйл шинэ. Зөвхөн олимпоос гадна үзэж харах, гайхаж шагшмаар зүйл их байлаа. Бидэнд зориулалтын тэшүүр, комбинзон байгаагүй ч энэ талаар биш, хэрхэн амжилт гаргах талаар бодсон. Нидерланд, Норвегийн шигшээ багийн тамирчид бидэнтэй уулзаад “Тэр хол газраас ирсэн Чингисийн удмууд минь. Бэлтгэлээ хэрхэн базаачихаад бидэнтэй өрсөлдөхөөр ирэв” гэж асуулаа. Бид “Хоёр сар гаруйн хугацаанд хийсэн” гэхэд “Бид жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийдэг. Аргагүй Чингисийн удам юм даа. Зоригтой байна” гэж толгой сэгсэрч байв. Нидерландын тамирчид Л.Дашнямд зориулалтын өмсгөл, надад тэшүүр бэлэглэсэн. Тэгж би амьдралдаа анх удаа норвеги тэшүүртэй болж билээ. Тэр тэшүүр Булган аймгийн музейд бий. Үнэнийг хэлэхэд би амьдралдаа зориулалтын өмсгөл өмсөж үзээгүй. Цамц, трикотой л гулгадаг байлаа. Инсбрукийн олимпод 32 тэшүүрчнээс 25-д шалгарахдаа улсынхаа дээд амжилтыг ахиулсан.
-Аль орны тамирчид илүүрхсэн бэ?
-ЗХУ-ын тамирчид өндөр амжилт гаргасан. Эмэгтэйчүүдийн уралдаанд тэшүүрчин Л.Скобликова дөрвөн зайд түрүүлж, шуугиулж байв.
-Азийн дээд амжилт шинэчилсэн гавьяаг тань төр, засгаас хэрхэн урамшуулсан бэ?
-Төрийн түшээдээс хамгийн түрүүнд Ю.Цэдэнбал дарга мэдсэн юм билээ. Тэгээд Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн дарга Ядамсүрэн гуайтай утсаар холбогдон “Манай тамирчид гадаадын тэмцээнд өндөр амжилт гаргасан байна. Урамшуулах хэрэгтэй шүү” гэж үүрэгдсэн гэнэ лээ. Ядмаа дарга биднийг “Улаанбаатар” ресторанд хүлээн авч уулзаад тамирчин бүрт 1000 төгрөгийн цалин өгсөн.
-1968, 1972 оны олимпод амжилт гаргахад бэртэл тушаа болсон гэдэг. “Саппоро 1972”-д та хэдэн настайдаа оролцсон бэ?
-Л.Дашням бид хоёр 32-тойдоо уралдаж байлаа. ЗХУ-ын алдарт тэшүүрчин Евгений Гришин 36 насандаа зодог тайлсныг эс тооцвол 32-той тамирчин ахмадад л тооцогдоно. 1966 оны намар хөлбөмбөг тоглож байгаад хөлөө хугалсан юм. Гурван сар хэвтэрт орсны эцэст бариачид хандан, эдгэрч билээ. Хэрэв ийм явдал тохиолдоогүй бол илүү амжилт гаргах боломж байсныг үгүйсгэхгүй. Тэгэхдээ яах вэ, Гренобльд улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн болохоор чамлахгүй ээ. Саппорогийн олимпын өмнө хавирга бэртэн, замдаа эмчилгээ хийлгэж очоод уралдсан. Орос эмч нар уралдаж болохгүй гэж хориглоход нь тэр холоос ирчихээд яаж зорилгоосоо ухрах вэ хэмээн шүд зуугаад л хурд сорьсон доо. Хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ээ.
-Монголын тэшүүрийн дөрвөн үеийн тамирчдыг бэлтгэснээр тань спортын хүрээнийхэн бахархдаг юм билээ. Дасгалжуулагчийн албанд хэрхэн шилжив?
-1972 онд үндэсний шигшээ багаас гарч, “Хоршоолол” нийгэмлэгийн орлогч даргаар томилогдов. Тэнд ажиллаж байхад дасгалжуулагч болох, тамирчидтай ажиллах бодол намайг дийлсэн. Тэгээд тухайн үеийн Боловсролын хэлтэст хандан, Хүүхдийн биеийн тамирын оройн сургуульд тэшүүрийн анги 1973 оны есдүгээр сард нээн, 400 хүүхэдтэй ажлаа эхэлсэн юм. Дөрвөн үеийн шавь бэлтгэн, Альбервиллийн олимпод дасгалжуулагчаар оролцсоноороо бахархдаг. Бие дийлэхээргүй болж, аргагүйн эрхэнд хоёр жилийн өмнө дасгалжуулагчаар ажиллахаа больсон.
-Таныг тэшүүрийнхэн үхээд сэхсэн хүн гэдэг юм билээ. Тухайн үед юу болсон юм бэ?
-Хүүхдийн биеийн тамирын оройн сургуульд багшилж байхдаа хүнд осолд орсны улмаас хөл бэртсэн юм. Хөлийн дөрвөн булчин тасарсан юм билээ. Бүтэн сар шаналсны эцэст хүнд хагалгаанд оров. Мэс засалд орсны дараа боолт хийлгэх үеэр гэнэт цус алдсан. Цус харсан хүн ухаан алддаг гэж үнэн шүү. Хожим би цусны бүлэгнэлийн өвчтэй болсноо ойлгосон. Эмч нар хөлийг минь тайрахаас өөр аргагүй гэхэд хүнд байлаа. Гавьяат Даш, Гоош тэргүүтэй эмч нар зөвлөлдөж, ийм шийдвэр гаргаснаа хэлсэн. “Би хөлөө тайруулахгүй. Энэ хөлөөрөө улсын, тивийн дээд амжилт эвдэж, ард түмний танил болсон хүн. Та нар өөр арга хэмжээ ав. Юуг ч би тэвчээд гарна. Хүүхдүүдээ дасгалжуулна. Тэшүүрийн спортод би өртэй” гэж хэлсэн. Би үхнэ гэж нэг ч удаа хэлээгүй. Цусны даралт 30-50 болж, эмч нар их сандарч байхад ч амьдарна гэдэгтээ итгэсэн. Хөдөлмөрийн баатар Нямхүү болон Гоош эмч нар мэс засал хийсэн юм. Ж.Лхагвасүрэн генерал, Готов гуай нар утасдан “Наад хүнээ яасан ч алдаж болохгүй шүү” гэж захисныг хожим дуулаад баярлаж билээ. Мэс заслаар артерийн судсыг минь боосон учраас хөл хатингирших аюултай. Хагалгааны дараа өдөр бүр хөлний үзүүр харлаж байгаа, эсэхийг шалгадаг боллоо. Энэ тухай эхнэрээсээ асуугаад “Зүгээр байна” гэсэн хариу сонсоод баярлана. Тэшүүрийн спортын ачаар хөлийн судаснууд маань сайтар хөгжсөнийг тэр үед ойлгосон. Улмаар таягтай явдаг болж, удалгүй бүрэн эдгэсэн. Тэгж тэшүүрийн спортын буянаар амьд гарсан хүн дээ, би.
-Өнөөгийн тэшүүрчдийн амжилт, холбооны үйл ажиллагаанд ямар дүн тавих бол?
-Монголын тэшүүрчдийн амжилт бидний үеийнхээс буураагүй. Дөмөгхөн тордож, олигтойхон дэмжиж чадвал өндөр амжилт гаргах ирээдүйтэй олон шилдэг тамирчин бий. Харин холбооны зөв бодлого, удирдлагуудын сэтгэл л дутаад байна. Залуучуудын олимпын аварга, тэшүүрчин Б.Сумъяа, Я.Зоригтбаатар нарт Олимпын эрх авах боломж байсан. 500 метрт 36.3 секундийн амжилт гаргадаг Зоригтбаатар шиг тамирчин Монголд байхгүй. Гэтэл тэднийг ер дэмжсэнгүй, бүр олимпын эрхийн оноо олгох ганц ч тэмцээнд оролцуулаагүй. Ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр А.Зул гэдэг тамирчныг Европт хоёр жил гаруйн хугацаанд бэлтгэсэн. Нөгөөх нь олимпын эрхийн болзолд бараадсангүй. Би лав тэр охины дасгалжуулагч байсан бол гутна. Сумъяа, Зоригтбаатар гэлтгүй тэднээс ирээдүйтэй тамирчин хөдөө, орон нутагт байхыг үгүйсгэхгүй. Бүгдийг нь адил дэмжиж, ижил тордож байж л амжилтад хүрнэ. Түүнээс биш танил талаа бодолцон, өөрсдийн талын гээд дуртай тамирчнаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олимпод сойх нь шударга бус. Бидний үед бүх зүйл шударга байсан. Холбооноос бүх тамирчинд жигд хандана, бид ч шударгаар өрсөлдөнө. Өнөөдөр хэн нэг нь түрүүлбэл “Мундаг байна. За яах вэ, би хичээж байгаад маргааш түрүүлнэ” гээд цагаан атаархдаг байлаа.
-Монголын тэшүүрийн холбооныхон дотроо нэлээд маргаан, тэмцэлтэй байдаг юм билээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ажил хийж байгаа, хийх сэтгэлтэй хүн алга. Гурван шатны шүүхээр өнөөгийн удирдлагыг хууль бус гэдгийг тогтоосон. Юм болгоныг шүүх, цагдаагаар шийднэ гэж юу байх вэ. Монголын тэшүүрийн холбооныхон Б.Сумъяаг Монголдоо ирэхэд онгоцны буудлаас ч тосоогүй, амжилтыг нь үл тоосонд харамсдаг, бас гайхдаг. Зарим хүн “Холимог багийн төрөлд олимпын аварга болсон. Эх орныхоо Төрийн далбааг мандуулж, дууллаа эгшиглүүлээгүй” гэж амжилтыг нь үгүйсгэдэг. Б.Сумъяагийн амжилтыг давтахад овоо хэдэн жил шаардана. Би холбоо, төр, засагт харамсдаг. Гэрээсээ хол Улаанбаатарт ахтайгаа хамт хажуу өрөө түрээслэн амьдардаг 17-хон настай охин олимпын аварга болоход ядахдаа нэг өрөө ч болтугай орон сууц бэлэглэсэн бол амьдралд нь тустай, урамшина шүү дээ. Сэтгэл зүй сайтай, урам нь хугардаггүйдээ л өнөөдөр бэлтгэлээ хийж яваа. Сэтгэлээр унавал унахаар л болсон. Урам нь хугараад тэшүүрээр хичээллэхээ боливол яах вэ, өөр орны саналыг хүлээж аваад явбал яах вэ. Монголд тэшүүрээс муу ажиллаж байгаа холбоо алга. Арай ч дээ.
-Тэшүүрчид их хурлаараа Ц.Даваасүрэн сайдыг дахин сонгосон. Гэтэл яагаад албан тушаалаа өгчихсөн юм бэ?
-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа их зүйл хийсэн. Битүү дээвэртэй ордны зураг төсөл гарган, концессын гэрээнд хүртэл оруулчихсан байлаа. Гэтэл одоогийн ерөнхийлөгч Д.Болормаа хор хутгаж байгаад холбоог удирдахаар болсон. Тэшүүрчид 2016 онд их хурлаараа Ц.Даваасүрэн сайдыг дахин сонгосон ч Д.Болормаа албан тушаалаа өгөхөөс татгалзан, холбооны тамгыг аваад зугтчихсан. Ц.Даваасүрэн түүнтэй хэл, ам хийгээд яах вэ гэж бодсон юм байлгүй ерөнхийлөгч болох гэж хүчлээгүй байх. Д.Болормаа одоо Европт тэшүүрийн холбооны хэдэн төгрөгөөр тансаглаж яваа. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Тэгэхээр МТХ-ны удирдлагыг шинэчилж, өөрчилж байж л Монголд тэшүүрийн спорт хөгжинө, тамирчдын амжилт ахина.
-МТХ-ныхон танаас төдийгүй ахмад үеэсээ заавар, зөвлөгөө авдаг уу?
-Ерөөсөө зөвлөгөө авдаггүй. Тэгээсэй гэж хүсдэг байсан. Сүүлдээ ч цөхрөөд, хэрүүл, тэмцэлтэй газраас хол байя гэж бодох болсон. Болормаа уг нь миний унаган шавь. Дэлхийн тэшүүрийн холбооноос энэ спортыг хөгжүүлээрэй гээд МТХ-нд жилд 50 мянган ам.доллар өгдөг. Өмнө нь 30 мянган ам.доллар өгдөг байснаа Б.Сумъяа олимпын аварга болсны дараа 50 болгосон юм. Тэглээ гэж бодохын оронд тэмцээнд оролцуулахгүй хавчиж байгаа нь харамсалтай.
-Битүү дээвэртэй ордон барина гээд нэг хэсэг шуугиад тэгсхийгээд намжлаа. Одоо ер нь юу болж байгаа вэ?
-Турины олимпын дараа Дэлхийн тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Монголд мөсөн ордон барихаар шийдвэрлэсэн. Үүнтэй уялдан Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын тушаал гарсан. Тухайн үед холбоог удирдаж байсан Ц.Даваасүрэн уйгагүй хөөцөлдөж байгаад концессын гэрээнд оруулсан юм. Гэтэл өнөөгийн удирдлага самраад хаячихлаа. Одоо юу болж байгаа бол, бүү мэд. Битүү дээвэртэй ордонтой болчихвол зөвхөн тэшүүр гэлтгүй өвлийн спортын бүх төрлийн тамирчид бэлтгэл хийх боломжтой. Түүгээр ч үл барам олон улсын томоохон тэмцээнийг эх орондоо зохиох боломж бүрдэнэ. Намайг тамирчин байхад Улаанбаатар хот олон улсын стандартад нийцсэн гурван мөсөн талбайтай байсан. Тэшүүрчид Хандгайтад барьсан мөсөн талбайд бэлтгэл хийдэг, тэмцээнд оролцдог байв. Хотын төвөөс 25 км-ийн зайд оршдог газар бэлтгэл хийхээр очиход хүртэл хүндрэлтэй. Хувцас солих, дулаацах өрөө ч байхгүй. Төв цэнгэлдэх, Хандгайтад мөсөн талбай байгуулбал тамирчин төдийгүй энгийн иргэд алийг нь сонгож гулгах нь тодорхой. Алхаад ч болтугай очоод бэлтгэл хийчихнэ.
-Битүү дээвэртэй ордон барихад зориулж Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын ойролцоо газар олгосон. Тэр газрын эрх одоо бий юү?
-Өө, ёстой мэдэхгүй. Хөөцөлддөг хүнгүй болсон. Би нэг худлаа ярьдаг өвгөн болж л үлдсэн дээ.