Италийн “Интер” (Милан) багийн ерөнхийлөгч Массимо Моратти гэнэтийн, хачирхалтай наймаа хийдгээрээ алдартай нэгэн. Түүний 10 дуулиантай солилцоог толилуулъя.
- Кристиан Вьериг “Лацио”-гоос авав. Оронд нь 33 сая евро+Диего Симеоне. 1999 он - Вьери Миланд зургаан улирлыг өнгөрүүлэхдээ 100 гаруй гоол оруулсан боловч ганц ч цом хүртээгүй билээ. Харин Симеоне “Лацио”-д очсон жилдээ л скудетто авчээ.
- Адрианог “Фламенго”-гоос авав. Оронд нь 3.5 сая евро+Вампета. 2001 он - Тэгэхэд Адриано хэний ч үл таних 19 настай хүү байлаа. Хожмоо дэлхийн хэмжээний супер довтлогч болсон гээд бодохоор оносон наймаа байгаа биз.
- Жанлука Пальюкаг “Сампдори”-гоос авав. Оронд нь 4.1 сая евро+Вальтер Зенга+Риккардо Ферри. 1994 он - 1990-ээд оны Италийн лигийн хоёр одыг залуухан хаалгачаар солив. Өнгөцхөн харвал утгагүй наймаа мэт. Үнэн хэрэг дээрээ Зенга, Ферри нарын одтой он жилүүд ард нь өнгөрсөн байлаа. Харин тэр үед Пальюкагийн жинхэнэ өсөж дэвжиж байсан үе нь билээ. Жанлука “Интер”-т таван жил хүчин зүтгэхдээ UEFA-гийн цомд түрүүлж байв.
- Златан Ибрагимовичийг “Барселона” руу явуулав. 46 сая евро+Самуэль Это’О-гоор сольсон. 2009 он - Швед довтлогч гурван жил орчим “Интер”-ийг нуруун дээрээ үүрч явсан гэхэд болно. Тэрбээр тэнцэж явах үед хожлын бөмбөг хийж, хожигдож байхад тоог тэнцүүлэх гэх мэтээр багаа олонтаа аварч байв. Гэхдээ эдийн засгийн үүднээс авч үзвэл маргаангүй хожоотой наймаа байлаа. Цаг хугацаа ч “Хар-хөхүүд” ашигтай арилжаа хийснийг харуулсан юм. Учир нь Это’ О швед довтлогчоос дутахааргүй багтаа тусалж, “Интер” 2009/10 оны улиралд Аваргуудын лиг, Италийн АШТ, цомын тэм цээнд нэгэн амьсгаагаар түрүүлсэн билээ.
- Диего Милито, Тьяго Мотта нарыг “Женоа”-гаас авав. Оронд нь 16 сая евро+Роберт Аквафреска+Франческо Больцони+залуучуудын багаасаа тоглогч өгөх болзолтойгоор. 2009 он - Өмнөх улиралд нь “Женоа”-г Италийн АШТ-д дээгүүр байр эзлэхэд хувь нэмрээ оруулсан хоёр гол тоглогчийг нь урвуулж дөнгөжээ. Өмнөд америкчууд ч “Интер”-ийг Аваргуудын лигт түрүүлж, скудетто хүртэхэд чадах чинээгээрээ тусалсан.
- Рикарду Куарежмаг “Порту”-гаас авав. Оронд нь 18.6 сая евро+Пеле. 2008 он - Том алдаа. Миланд хар дарсан зүүд шиг хагас жилийг өнгөрөөсөн Куарежма өвлийн солилцоогоор “Челси”-д зээлэгдсэн юм. Гэвч Англид ч дээрхийн адил хувь тавилан угтаж, хагас улирал болохдоо талбайд огт гарсангүй. Улмаар 2009 оны намар “Интер”-т буцаж ирсэн ч “дахин төрөх” боломжоо ашиглаж чадаагүй билээ. Португал хагас хамгаалагч “Интер”-т хоёр жил хагасыг өнгөрөөхдөө ердөө 24 тоглолтод оролцож, ганцхан гоол оруулжээ.
- Иван Самораног “Реал”-аас авав. Оронд нь 1 сая евро+Роберто Карлос. 1996 он - “Догшин Иван”-ыг 30 нас хүрснийг үл тоон шилдэг залуу хамгаалагч Роберто Карлос дээрээ нэг сая евро нэмэн “Сан-Сиро”-д авчирсан түүхтэй. Бразил тоглогч Эзэн хааны багийн бүх үеийн түүхэн дэх шилдэг хамгаалагчдын нэг болсон бол чили довтлогч “Интер”-тэй хамт UEFA-гийн цомд аваргалсан билээ.
- Франческо Коког “Милан”-аас авав. Кларенс Зеедорфоор сольсон. 2002 он - Солилцооны үр дүн: Коко сэлгээний сандлаас салахаа больж, улмаар зээллэгээр баг хэсэх болов. Эсрэгээр голланд тоглогч Европын шилдэг хагас хамгаалагчдын нэг болсон юм.
- Андреа Пирлог “Милан” руу явуулав. 2.8 сая евро+Андрес Гульелминпьетрогоор сольсон. 2001 он - Мөн л “Милан”-д хожоотой арилжаа болсон. Пирло клубийнхээ төдийгүй Италийн шигшээгийн лидер болж төлөвшсөнийг бүгд мэднэ. Тэгвэл аргентин довтлогч Гульел минпьетрог хөлбөмбөгийн хорхойтнууд хэдийнэ мартсан билээ.
- Фабиан Кариниг “Ювентус”-аас авав. Фабио Каннаварогоор сольсон. 2004 он - Каннаваро бэртэл гэмтлээс салахгүй байсан тул зоригтойгоор уругвай хаалгачаар тулж орхижээ. Карини “Интер”-т гурван жил болохдоо ердөө дөрөвхөн тоглолтод оролцож, “Мурсия”-д зарагдсан аж. Харин Каннаварогийн хувьд 2004-2006 он алтан үе нь байсан бөгөөд дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг хамгаалагчдаас анхлан хүртсэн билээ.