Монголчууд авьяастай, спортын төрөлд бүр ч илүү. Манай тамирчид төдийгөөс өдий хүртэлх намтар баян түүхийн урт жимээр өртөөлөхдөө түмэн олныхоо итгэлийг алдалгүй олимп, дэлхийн дэвжээнээс медалийн хур буулгаж, тэр хэрээрээ хүндлэгдсээр ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд атаа жөтөө, амин хувиа хичээсэн жалга довны үзэл, ёс суртахууны доголдол, бие биенээ үгүйсгэсэн, үл хүлээн зөвшөөрсөн хагарал Монголын спортын салбарын халуун ам бүлийн дотор “үүрлэж”, идээ бээр нь бугшин, улам даамжирч буй нь харамсалтай. Тухайн спорт холбоо, төр, засгаас явуулж буй зөв бодлого, үйл ажиллагааны үр дүнд бид амжилтад хүрдэг үү, эсвэл үнэхээр төрмөл авьяастай тамирчин хөдөлмөр, зүтгэлийнхээ үр шимээр дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж байна уу гэдэг эргэлзээтэй. Хэн дуртай нь холбоо байгуулан, тухайн спортын тамирчдаа талцуулна, “Манайх зохиодог тэмцээн, танай тамирчин” гэж хоорондоо маргана. “Арай ч дээ” хэмээн дуу алдмаар хөгийн үйл явдлууд, бие биенээ үгүйсгэсэн зөрчилдөөн, нэгнийхээ дээр гарах гэсэн эцэс төгсгөлгүй тэмцэл, дотоод хагарлынх нь горыг яс махандаа шингэтэл мэдэрсээр олон оныг элээж байна. Тухайн амжилтыг өөрсдийнхөө л хүчин чармайлт мэтээр харуулах гэсэн явуургүй үйлдэл нь эв нэгдлээ улам сарниулсаар. Тэгсэн атлаа ямар нэгэн алдаа гарахад буруутан нь олдоно гэж гонж. “Чи буруутай, би буруугүй” гэдэг үгээр халхавч хийж, асуудлыг өөрөөсөө холдуулах дуртай. “Тэднийг ингэж дээр доороо орон, амсхийх чөлөөгүй тэмцэлдэж байхад бид юу алдав. Төр засгаас эрвийх дэрвийхээрээ дэмжиж байхад үүнийг ухамсарлах ухаан, хүндлэх сэтгэл Монголын спортын зарим холбооны удирдлагад байхгүй юм гэж үү. Хэдий болтол цөөн хэдхэн шилдэг тамирчныхаа амжилтаар нүүрээ тахлах вэ?
Хэд хоногийн өмнө сагсан бөмбөгийн шүүгч нэгэн найзаасаа “Удахгүй Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохиодог дээд лиг эхэлнэ. Шүүгчээр ажиллана биз дээ” гэтэл санаа алдан, толгой сэгсэрснээ “Уг нь өмнөх жилүүдэд шүүсэн. Гэтэл өнгөрсөн онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны 21 аймгийн үндэсний лигт шүүгчээр ажилласны дараа надтай гэрээгээ цуцалчихсан. Өрсөлдөгч холбооных нь тэмцээнийг шүүлээ гэж тэр” гэв. Гурван ч холбоотой Монголын сагсан бөмбөгийн спортын дотоод зөрчил хэрхэн хурцдаж, хагарал нь удирдлага, тамирчдын хүрээнээс давсны илрэл энэ. Инчоны Азийн наадамд эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан шилдэг наймд шалгарч, Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй шилдгүүд дэлхийн биш юм гэхэд тивийнхнийхээ хараанд өртөн, үндэсний лигийн тэмцээн ордон дүүрэн үзэгчтэй байсан цаг тун саяхан. Голдирлоо овоо олж байсан Монголын сагсан бөмбөгийн спорт бие биенээ үгүйсгэсэн гурван холбооны балгаар хөгжлийн эрчээ алдаж, бусад орныхны элэг доог болж байгаа нь гашуун үнэн. Нэг холбооных нь тамирчин нөгөөгийнхөө тэмцээнд оролцож болохгүй, тэр ч бүү хэл зарим нь Спортын төвд ордонд бэлтгэл хийх “эрхгүй”. Олон улсын тэмцээнд оролцохоор шигшээ баг бүрдүүлбэл тамирчид нь нэгэн зорилго доор нэгдэж чадахаа байтал хагаралдуулж, “өстөн” болгочихлоо, удирдлагууд нь.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тамир нарт албан бичиг илгээн, дотоодын маргаантай асуудлаа шийдэхгүй бол олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасахаа мэдэгдэж, дээр дооргүй тэвдсэн. Шуудайнд хийсэн эвэр шиг арсалдаж, мөнхийн дайсан гэгдэж буй дээрх хоёр холбооны удирдлагын эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцлээс болж Монголын шигшээ багийнхан тэмцээнд оролцох эрхээ 5-10 жилээр хасуулж ч магадгүй хүнд байдалд ороод байв. FIBA-д тодорхой хариу өгөхөд ганцхан хоногийн хугацаа үлдчихсэн байхад тамирчдынхаа эрхийг хасуулахгүйн төлөө ямар арга хэмжээ авч байгаа талаар Ц.Цэвэрбалаас тодруулахад “Б.Тамирын удирдаж буй холбоо хууль бус. Аль нь хууль ёсных гэдгийг нь батлах давж заалдах шатны шүүх хурал удахгүй болно. Тэр болтол хүлээхээс өөр арга алга. Хоорондоо эвээ олсон мэт худлаа дүр эсгэн, захидал илгээж чадахгүй, би. Хэн нэгнийг нь хууль ёсных гэж баталсны дараа тэгж болох байлгүй. Монголын шигшээ багийн эрхийг хасах учиртай бол хасаг. Хүртэх ёстойгоо л хүртэж байна, бид” хэмээсэн нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн. Тухайн үед дотооддоо учир зүйгээ олсноо баталгаажуулан, гарын үсгээ зураад, МҮОХ-гоор дамжуулан FIBA руу илгээхэд л тамирчдынхаа эрхийг хасуулахгүй байх боломжтой байв. Хүртэх ёстойгоо хүртье хэмээн хээвнэг өгүүлэн, Монголын сагсан бөмбөгийн спортын нэр хүндийг шавартай хутган, тамирчдаа золиослон байж албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч, “арьсаа хамгаалсан” Ц.Цэвэрбал хэдхэн хоногийн өмнө өөрийгөө албан ёсны ерөнхийлөгч гэдгийг хэвлэлийн хурал зарлан байж “тунхаглан”, харьяа яамныхаа өмнө жагсаал зохион байгуулж, төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлсэн нь инээдтэй. Үнэндээ Ц.Цэвэрбал шиг удирдлагатай спортын холбоо Монголд нэг бус.
Пёнчаны олимпод оролцох тамирчдын бүрэлдэхүүныг зарлахад Монголын тэшүүрчид багтаагүй. Тэгснээр шорт трекчид 1994, 1998, 2002 онд өрсөлдсөнийг эс тооцвол 1992 оноос хойш олимпод оролцож чадаагүй “бараан” цуврал үргэлжлэх нь. Монголын тэшүүрийн холбооныхон тамирчдаа олимпын эрх авахуулах нь бүү хэл үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулчихаад сууж байгаа нь арай ч дээ гэмээр. Тэшүүрчид 2016 онд холбооныхоо их хурлыг хуралдан, ерөнхийлөгчөөрөө Ц.Даваасүрэнг сонгосон ч өмнөх удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар Д.Болормаа холбооны тамгаа аван зугтаж, ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөлгүй гүрийсээр өдий хүрсэн. Гурван шатны шүүх хурлаар МТХны өнөөгийн удирдлагыг үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ. Тэгсэн ч тэд сурсан занг сураар боож болдгүйг харуулж, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсээр. Ер нь Монголын тэшүүрчид дотроо хагаралдаад удаж буй. 17-хон насандаа өвлийн залуучуудын олимпын аварга болсон Б.Сумъяаг эх орондоо ирэхэд хамгийн түрүүнд анхаарал хандуулах учиртай Монголын тэшүүрийн холбооныхон унтах нойр, унааныхаа түлшийг харамласандаа ч тэр үү, нисэх буудлаас ч тосоогүй. Түүгээр ч үл барам олимпод оролцох гол найдварын нэг түүнийг эрхийн оноо олгосон ганц ч тэмцээнд хурд сориулаагүй нь хачирхалтай. “Санхүүгийн хүндрэлийн улмаас хувиасаа зардлаа гарган тэмцээнд оролцох боломж бүрдсэнгүй. Холбооноос дэмжсэн бол Пёнчаныг зорихын төлөө зүтгэмээр л байлаа” хэмээсэн. Б.Сумъяа хэдхэн хүний албан тушаал, эрх мэдэл, хоорондын зөрчлийн золиос болж буй Монголын мянга мянган тамирчны нэгэн жишээ болж үлдсэн. Хэрвээ түүнийг холбооноос нь дөмөгхөн дэмжиж, дорвитойхон тусалсан бол олимпын эрх авах, бүр цаашлаад медаль хүртэх байсныг үгүйсгэх аргагүй. Тэшүүрчид өрсөлдөгчдөө бус эв нэгдэлгүй удирдлагынхаа балгаас болж ялагдаад байх шиг.
Монголын спортын холбоо бүхэн дөрвөн жилд нэг удаа их хуралдаж, алдаа оноогоо цэгнэн, удирдлагаа сонгодог журамтай. Харин энэ журам Монголын чөлөөт бөхийн холбоонд үйлчлэхээ болиод удаж буй. Өнгөрсөн жил л гэхэд их хурлаа хийхээр цугларсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй байсаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон. МЧБХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ерөнхий нарийн бичгийн даргаар Гавьяат дасгалжуулагч Б.Батбаярыг томилсон нь асуудлыг улам хурцатгасан. Ингэснээр МЧБХ ерөнхийлөгч хэмээх албан тушаалгүй болж Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Д.Сумъяабазар холбоогоо тэргүүлсэн юм. Хэн дуртай нь дүрмээ өөрсдийн эрх ашигт нийцүүлэн яаж ч өөрчилж болдог нь дотоодын хагарал, тэмцлийг улам хурцатгадгийн жишээ энэ.
Монголын топ спортын нэг буудлагынхан их хурлаа таван удаа хойшлуулсны эцэст тамирчин, дасгалжуулагчдаар олон удаа шаардуулан байж хийгээд, ерөнхийлөгчөөрөө Н.Энхболдыг сонгосон. Гэхдээ тэд хуралдаа Техник спортын төвийн тамирчин, дасгалжуулагчид, хөдөө, орон нутгийн төлөөлөгчдийг оролцуулаагүй нь маргаан дагуулсаар. Ер нь спортын холбоодод ямар нэгэн асуудал гарахад юу юуны тухамдгүй шүүх, цагдаад ханддаг жишиг тогтоод байх шиг. Хуулийн байгууллага эрх мэдэлтэй албан тушаалтны даалгавраар хууль бус холбооны удирдлагад нааштай харуй гаргадаг гэх шүүмжлэл спортынхны дунд бий. Энэ мэт спорт холбоодын хагарал, тэмцэлтэй холбоотой жишээ олныг дурдаж болохоор байгаа нь харамсалтай.
Монголд үйл ажиллагаа явуулж буй спортын 300-гаад холбоо бий гэсэн судалгаа бий. Тэднээс 67 нь МҮОХ-нд бүртгэлтэй. Олон холбоотой спортын төрөл ч нэжгээд бий. Егөөдөөд хэлэхэд нэг бус, олон холбоотой спортын төрлийг тоолбол хариу нь арай хурдан гарна. Боулинг л гэхэд дөрвөн холбоотой, нэг нь УАШТ зохиох, нөгөөх нь цол зэрэг олгох эрхтэй гээд бод доо. Монголын спортын холбоодын үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын хуулиар зохицуулдаг тул төр, засаг, харьяа яамнаас шууд оролцох, үүрэг өгөх боломжгүй. Тэгэхээр өнөөдөр хэн дуртай нь ямар ч спортын холбоо байгуулах эрх нээлттэй, төрөөс тэгж болохгүй гэх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг. Энэ нь эрх мэдэл, албан тушаалд дуртай хүмүүсийг улам өөхшүүлээд байх шиг.
Энэ асуудалд төрийн зүгээс оролцож, зохицуулах боломжтой, эсэхийг БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяраас тодруулахад “Спортын холбоод төрийн бус байгууллага тул харьяа яам, БТСГ-аас ямар нэгэн шаардлага тавих боломжгүй. Өөрсдөө учраа олтол хүлээхээс өөр аргагүй” гэлээ.
Тэгвэл бид одоо яах вэ. Олон оныг элээн бие биенээ үгүйсгэн, албан тушаалын төлөө тэмцэлдэж буй холбооны зарим удирдлага сайн дураараа нэгдэнэ гэдэг юу л бол. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Үндэсний шигшээ багийн хэлтсийн дарга Ч.Насантогтох “Тамирчны амжилтад баг, хамт олны дотоод уур амьсгал, эв нэгдэл их чухал. Амжилтад нь 99 хувь нөлөөлдөг. Нэг спортын олон холбоотой улс Монголоос өөр байхгүй. Ичмээр шүү дээ. Энэ асуудалд хамгийн их анхаарал хандуулж, бодлогоо чиглүүлэх ёстой байгууллага бол МҮОХ. Ер нь Монголын спортын холбоодыг шинээр бүртгэн, аль нь жинхэнэ, аль нь хууль бус гэдгийг дахин тогтооход болохгүй гэх газаргүй. Ер нь тухайн спортын олон улсын холбоонд албан ёсны бүртгэлтэй байгууллага л хууль ёсных. Гэтэл өнөөдөр хэн нэг нь холбоо байгуулаад, эрх мэдлээрээ далайлган хуулийн байгууллагаар хууль ёсных гээд тогтоолгож байгааг үгүйсгэх аргагүй. Хэдэн жилийн өмнө л гэхэд WADA А.Сүхбат аваргыг сэргээш хэрэглэснийг тогтоосон. Гэтэл Баянгол дүүргийн шүүх түүнийг сэргээш хэрэглээгүй гэж тогтоосон нь инээдтэй” гэв.
Өнөөдөр аль нэгэн холбооны удирдлага хариуцлага алдлаа гэхэд төрөөс ямар нэгэн арга хэмжээ авах эрх зүйн орчин бүрдээгүй. Тэгэхээр спортын холбоодод зориулсан тусгай хууль биш юм гэхэд журамтай болоход буруудахгүй болов уу. Энэ талаар Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Х.Бакытжан “Биеийн тамир спортын тухай хуулиаас өөр спортын хууль байхгүй. Эл хуулийн шинэчилсэн найруулгад нэлээд олон зүйлийг шинээр тусгасан. Одоо журмыг нь батлуулахаар төлөвлөж байна. Спортынхонд зориулсан тусгай хуультай болох боломж одоохондоо алга. Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулахаас өөр аргагүй” хэмээв. Нэг нэгнээ буруутган, атаархаж, өөрийгөө өмөөрөн хаацайлсаар байтал нэг мэдэх нь ээ “Токио-2020” олимп “Сайн уу” хэмээн хаалга тогших нь. Тэр үед энэ байдлаараа эв түнжингүй байвал өмнөх алдаагаа давтах эрсдэл ихтэй, медаль хүртэнэ энэ тэр гэж мөрөөдөөд ч хэрэггүйг эв нэгдэлд ялагдсан зарим холбооны удирдлагын золиос болсон зарим тамирчдын амжилт харуулсаар байгаа. Тэднээс сургамж аван, өнгөрсөн бүхнийг умартан, эв нэгдэлтэй, атгасан гар мэт байж, бүхнийг шинээр эхлээч, холбогдох хүмүүсээ.