Олон улсын цанын холбооноос “Пёнчан-2018” өвлийн олимпод хурд сорих эрх өвөртөлсөн тамирчдын нэрийг өнөөдөр албан ёсоор зарлахад Монголын хоёр цаначин багтлаа.
Тодруулбал, цанын В ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Б.Ачбадрах, Сочигийн олимпод хурд сорьсон туршлагатай, ОУХМ Ч.Отгонцэцэг нар цагаан олимпыг зорих нь ийнхүү тодорхой болов.
Мөн 2018 оны паралимпын өвлийн олимпод Б.Ганболд хурд сорих эрх өвөртөлсөн. Ингэснээр Монгол Улс одоогоор Пёнчаны олимпод гурван тамирчнаа сойх боломжтой болоод байна.
Монголчууд бидэнд олимпын эрх нэмж авах боломж бий. Учир нь, дасгалжуулагч Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Эрдэнэ нарын удирдлагад манай биатлоны шигшээ багийнхан Европын цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа.
Тэд олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээн дуусахад чансаагаа эхний 30-д багтааж чадвал нэг тамирчин “Пёнчан-2018”-д оролцох боломж бүрдэнэ. Харамсалтай нь, Монголдоо л өндөр хөгжсөн төрөл болох тэшүүрийн спортоор олимпын эрх авч чадсангүй. Ингэснээр тэшүүрчид 1992 оноос хойш олимпод оролцож чадаагүй “бараан” цуврал үргэлжлэх нь.