Манай сонин “Токио-2020” олимпод өндөр амжилт гаргах магадлалтай залуу тамирчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн АШТ-ий алт, хошой хүрэл, Саори Ёшидагийн нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл, УАШТ-ий өсвөр үеийн ангилалд таван алт, залуучуудын мөнгө, хүрэл, насанд хүрэгчдийн тэмцээний хүрэл медальтай, Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн“ клубийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэнг онцоллоо.
Насандаа буюу өсвөрийн ангилалд сүүлийн таван жил дараалан улсынхаа дэвжээнд түрүүлж, босоо байгаа тэрбээр саяхан болсон насанд хүрэгчдийн УАШТ-ий 59 кг-д эгч нартайгаа өрсөлдөн, хүрэл медаль хүртэн, шуугиулсан юм. Ө.Пүрэвсүрэн насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд анх удаа зодоглосон нь энэ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос баталсан шинэ жингийн ангиллаар болсон энэ жилийн УАШТ-д хэн хэн өнгөлж, хаанахын хүчитнууд цахиур хагалахыг бөхийн хорхойтнүүд чих тавин хүлээж байв. Чөлөөт бөх сонирхогчдын таамаглаж байсанчлан цөөнгүй залуу тамирчин шуугиулж, шинэ үе түрэн гарч ирж буйг харуулсны нэг нь Ө.Пүрэвсүрэн байв. Үеийнхнийхээ дунд босоо байгаа түүнийг улсынхаа шилдгүүдтэй хэрхэн барилдах, ур чадвар, туршлагаар дутах, эсэх нь бөхийн хүрээнийхний анхаарлыг нэлээд татсан.
Тэрбээр нийт гурван барилдаан хийхдээ хоёрдугаар тойрогт улсын олон удаагийн аварга, И.Ярыгины нэрэмжит “Алтан гран при”-гийн түрүүтэй Б.Шоовдорт дийлдсэн ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө ялжээ. Насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд анх удаа оролцож байгааг хэлэх үү, нас, туршлагаар илүү тамирчидтай өрсөлдөхдөө өөрийгөө ер голоогүй гэнэ.
“Тэмцээний өмнөх бэлтгэлээ сарын өмнөөс базаасан. Медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан ч заавал түрүүлнэ гэж бодоогүй ээ. Багшийнхаа зөвлөсний дагуу барилдаж чадаагүй нь миний гол алдаа. Боломжоо бүрэн ашиглаж, төлөвлөсөн барилдаан, зэхсэн мэхээ хийж чадсангүй. Б.Шоовдор эгчтэй учраа таарлаа гэж бэргээгүй ч 10:0-ээр ялагдсан болохоор цаашид бүр их хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэйг ухаарлаа. Барилдааныг нь шимтэн үзэж, үлгэрлэж явдаг эгч нартайгаа өрсөлдөхөд гоё санагдсан Насанд хүрэгчдийн ангиллын анхны амжилтаа УАШТ-д гаргасандаа бэлгэшээж байна” хэмээв.
Монголын чөлөөт бөхийн холбооноос баталсан журамд нас заасны дагуу тэрбээр өнгөрсөн жил залуучуудын УАШТ-д өрсөлдөж чадаагүй. Өнөө жил 18 нас хүрсэн болохоор залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд зодоглох боломж бүрдсэн нь энэ.
Багаасаа бөхийн спорт сонирхож, мундагчуудын барилдааныг шимтэж өссөн тэрбээр 2011 онд сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж чадаагүй ч чөлөөт бөх сонирхлыг нь ихэд татжээ. Улмаар тэр жилээ С.Мөнхдуулдах багшаар чөлөөт бөх заалган, өдий хүртэл, суралцаж явна. Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэхэд зарим эцэг, эх дургүйцдэг. Харин түүний гэр бүлийнхэн анхнаас нь дэмжжээ.
Энэ талаар “Өвөө маань сумын заан цолтой болохоор аав, ээж хоёрт илүү ойр санагдсан байх. Чөлөөт бөхийн дасгал, техникийг сурах амаргүй. Шантармаар, больё гэмээр үе зөндөө тохиолддог. Хэрвээ бууж өгвөл зорилго минь зөвхөн мөрөөдөл болж хувирах тул гүрийгээд л байгаа” хэмээн өгүүлсэн. Ө.Пүрэвсүрэн бэлтгэл хийгээд удаагүй байхдаа Орхон аймагт болсон олон хотын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, анхны амжилтаа гаргасандаа их урамшжээ.
Өнгөрсөн жилийн өсвөр үеийн УАШТ-ий үеэр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсантай уулзсан маань санаанаас ер гардаггүй юм. Гавьяат “Ах нь насаараа чөлөөт бөхийн спортын төлөө зүтгэлээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж явахдаа нутгийнхаа алдрыг давхар цуурайтуулж яваа л гэж бодсон. Гэтэл би эндүүрч. Нэг танил минь “Чи ер нь нутагтаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө юу хийв” гэж асуухад нь юу ч хэлж чадаагүй. Тэгээд удаан бодсоны эцэст нутагтаа чөлөөт бөхийн спортын суурийг тавьж, “Байдрагийн хүчтэн” клубийг байгуулсан юм” хэмээн инээмсэглэсээр Баянхонгор аймгийн бөхчүүд дээр дагуулж очсон юм.
Тус тэмцээнд оролцохоор “Байдрагийн хүчтэн” клубийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах 10 гаруй тамирчинтай ирсэн байлаа. Ц.Нацагдорж гуай “Клубээ хэнээр дасгалжуулах вэ” хэмээн удаан бодсоны эцэст Өвөрхангайгаас энэ хүүг авч ирсэн юм. Тамирчдаа харахаар барилдаж явсан үе маань өөрийн эрхгүй нүдэнд харагддаг юм, мөн ч сайхан шүү. Зарим нь аль хэдийнэ амжилт гаргаад эхэлсэн. Би энэ охиныг их тоогоод байгаа. Мэдрэмжтэй, хөдөлмөрч, мундаг охин” гэсээр Ө.Пүрэвсүрэнг онцолсон юм.
Насаараа чөлөөт бөхтэй амьдралаа холбож, цөөнгүй шилдгийг бэлтгэсэн хашир бөх эндүү таньсангүй. Ө.Пүрэвсүрэнгийн амжилт, ур чадвар өдрөөс өдөрт ахисаар дараа жилийнх нь УАШТ-д түрүүлж, улсын аварга болжээ. Аварга болох амархан, аварга цолоо хамгаалах хэцүү гэдэг. Тэгвэл тэрбээр улсын аваргад таван жил дараалан түрүүлж, хосгүй амжилтын эзэн болсон. Түүнээс өмнө ийм амжилт үзүүлсэн бөх нүдний гэм. Түүгээр ч үл барам залуучуудын ангилалд эгч нартайгаа өрсөлдөн, мөнгө, хүрэл медаль хүртэн, олны анхаарлыг татжээ. Түүнд мөн С.Ёшидагийн нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медалиас гадна “Asashoryu cup”-ын хоёр түрүү бий.
Ө.Пүрэвсүрэн 2015 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн дэвжээнээс медалийн оосроос атгаад алджээ. Дараа жил нь мөн эл амжилтаа давтсан байна. Улмаар өнгөрсөн жил Азийн аварга болж, өмнөх хоёр жилийн “шарх”-аа нөхжээ. Тэрбээр Азийн дэвжээнд Төрийнхөө дууллыг эгшиглүүлснээ үргэлж дурсах дуртай. “Үнэхээр их баярласан. Азийн аварга болохдоо гурван барилдаан хийсэн. Хэсгийн аварга төлөө Энэтхэгийн бөхтэй барилдах хамгийн амаргүй нь байлаа. Шагналын тавцанд зогсож байхдаа “Бүр их хичээж байгаад олимпод түрүүлэн, энэ сайхан мэдрэмжийг дахин мэдэрнэ” гэж өөртөө амлан, багшаараа үнэхээр их бахархсан. Баярт мэдээгээ гэрийнхэндээ дуулгах сан гэж яарсан ч тухайн үед чадаагүй” хэмээн дурсав, Ө.Пүрэвсүрэн.
Хаа хол Баянхонгор аймагт амьдардаг түүнд тэмцээний зардал, бэлтгэл гээд саад, бэрхшээл тулгарахыг алийг тэр гэх вэ. Тэр бүхнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийнхаа Чөлөөт бөхийн холбооны тэргүүн О.Тойвгоо нарын дэмжлэгээр дажгүй зохицуулчихдаг гэнэ. Аймгийнхаа “Номгон” сургуулийн 12е ангид сурдаг тэрбээр ямар мэргэжилтэй болохоо хараахан сонгоогүй ч чөлөөт бөхөөр тууштай хичээллэж, олимпын аварга болох зорилготойгоо сонирхуулсан.
Ө.Пүрэвсүрэн олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшида шиг бөх болохыг мөрөөддөг юм билээ. Тэрбээр өнгөрсөн жил түүний нэрэмжит тэмцээнд оролцохдоо домогт бөхтэй уулзаж, тэр ч бүү хэл хамт бэлтгэл хийжээ. С.Ёшидаа түүнд хөл авах мэх заан, заавар зөвлөгөө өгсөн нь зүүд мэт л санагдсан гэнэ.
С.Мөнхдуулдах дасгалжуулагч шавиа “Их хөдөлмөрч, хөөрхөн ааштай. Бэлтгэл тасалж, алгуурлаж байхыг нь би лав үзээгүй. Тэг, ингэ гэсэн заавар, зөвлөгөөг ягштал биелүүлнэ. Бид хоёрт тэмцээн, бэлтгэлийн үеийн олон сайхан дурсамж бий. Азийн аварга болоход нь үнэхээр их баярласан. Энэ жилийн УАШТ-д эгч нартайгаа харамсахын аргагүй сайн барилдсан. Үүнээс илүү яах вэ. Ирээдүйд шавиасаа их том зүйл хүлээдэг. Чадна гэдэгт нь итгэдэг” хэмээн дүгнэсэн.
Ийм нэгэн тамирчин Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны гаргасан жимээр Хонгор нутагт торнин, ирээдүйд олимпын аварга болох мөрөөдлөөрөө жигүүрлэж явна.