Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний багийн лигийн “Big bowling friendship 2017” тэмцээний финалын шат өчигдөр Big bowling төвд амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаа 12 баг 3 зонд хуваагдаж, шилдэг эрэгтэй 16 болон эмэгтэй 8 тамирчин хэсэгт хуваагдаж, эрхээ аван шалгарсан нь цаашаагаа хасагдах журмаар аваргаа тодруулсан юм.
Багийн төрөлд Б.Пүрэвдорж ахлагчтай Ш.Гэрлээ, Ю.Ганболд нарын баг аваргаар шалгарч, хоёрдугаар байранд С.Батзориг ахлагчтай С.Хандаа, Ч.Элбэгзаяа нарын баг, гуравдугаар байранд Э.Харцага ахлагчтай Б.Тамир, Д.Отгонжаргал нарын баг орсон билээ.
Ганцаарчилсан төрлийн аваргаар эрчүүдээс Д.Нацагдорж /Страйкс клуб/ тодорч, удаах байранд З.Амаржаргал /Улаанбаатар зүтгүүрийн депо/, С.Баярхүү /Big bowling/ нар орсон бол тусгай байранд Д.Амьбөх /СЭЗИС/ нар шалгарав.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ш.Гэрлээ /Страйкс клуб/ түрүүлж, хоёрдугаар байрыг А.Цэцэгсүрэн /ТЭЦ-3/, гуравдугаар байрыг Б.Мягмарцэнд, тусгай байрыг Т.Долгормаа /Страйкс клуб/ нар эзэллээ.
Нийтдээ 6 сар үргэлжилсэн энэхүү тэмцээнд эмэгтэй, эрэгтэй нийлсэн 70 шахам тамирчин оролцсон. Өчигдрийн тэмцээн маш сонирхолтой болсон. Учир нь шилдэг эрэгтэй тамирчдаас 16-д арайхийж шалгарсан тамирчин яван чангарсаар аваргын цомыг өргөсөн юм.
Мөн өчигдрийн тэмцээний эхэнд цоо шинээр орж ирээд ур чадвар нь сайжирсаар шилдгүүдийн эгнээнд багтсан З.Амаржаргал, Б.Тамир нарыг Боулинг сонирхогчдын холбооноос шагнаж урамшуулсан юм.
Тэгтэл орой тэмцээн дуусахад З.Амаржаргал финалын шатанд ганцаарчилсан төрөлд дэд аварга болж, Б.Тамир нь багийн төрөлд хүрэл медалийн эзнээр шалгарсан билээ. Түүнчлэн амжилт нь ахисан С.Ганзориг, Б.Мягмарцэнд нар шагнал урамшууллын эзэн болсон.
Энэ олон сарын туршид өндөр зохион байгуулалттайгаар оролцсон багуудыг ч мөн шагнаж урамшууллаа. Тэмцээний туршид тамирчид маань нийт 50 тоглолт гүйцэтгэж, тэднээс хамгийн оноо цуглуулж чадсан 5 эрэгтэй, 5 эмэгтэй тамирчдыг мөн адил шагнаж урамшуулсан.
Тус тэмцээний бүх медалийг ивээн тэтгэсэн АНУ-ын Вашингтон DC хотын боулингийн клубын тэргүүн Б.Батбаяр, гэргий П.Байгаль нарт Монголын боулинг сонирхогчдын холбооноос талархаж буйг дашрамд уламжлахад таатай байна.