Монголын хүндийг өргөлтийн спортод анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж буй Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Анхцэцэг өчигдөр бас нэгэн шинэ хуудас нээлээ. Өдгөө 20 настай тэрбээр АНУ-д үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д хүч сорин, огцом өргөлтийн төрөлд хүрэл медаль хүртэв.
Улсынхаа дээд амжилтыг 63 удаа шинэчилсэн М.Анхцэцэгийн нуруу, гарны бэртэл бүрэн эдгээгүй, бага зэрэг зовиуртай байсан ч 107 кг өргөж медалийн болзол хангажээ. Түүнд түлхэлттэй өргөлтийн төрөлд медаль авах боломж байсан ч бэртэл нь сэдрэхээс болгоомжлон өрсөлдөөгүй гэнэ. Ийнхүү тэрбээр ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч болов.
“Рио-2016” олимпод VIII байрт шалгарсан М.Анхцэцэг тус тэмцээнд 2014 онд анх удаа оролцохдоо X, дараа жил нь VIII байрт шалгарсан юм. ДАШТ-ээс медаль хүртсэнийх нь дараа цахим хаягаар нь холбогдон баярын сэтгэгдлээс нь хуваалцахад “Юуны өмнө монгол түмэндээ маш их баярлаж буйгаа илэрхийлье. ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны хүндийг өргөлтийн тамирчин болсондоо баяртай байна. Оюутны ДАШТ-д оролцож байхдаа гараа бэртээн, дүү маань сургууль дээрээ хоолонд түлэгдсэн гээд хүнд үед надтай болон манай гэр бүлийнхэнтэй хамт байж, бүхий л талаар тусалж, дэмжсэн монгол түмнийхээ ачийг энэ амжилтаараа өчүүхэн ч атугай хариулсан болов уу. Уг нь түлхэлттэй өргөлтийн төрөлд бас медаль хүртэхийг зорьсон ч харамсалтай нь, чадсангүй. Ц.Хосбаяр багшийнхаа зөвлөсний дагуу өрсөлдөөгүй. Цаашид улам хичээн, дараа жил ДАШТ-д түрүүлж, Төрийнхөө дууллыг дэлхийн дэвжээнд эгшиглүүлэхээ монгол түмэндээ амлая” гэлээ.
Хүндийг өргөлтийн спортоор найман жил хичээллэж байгаа тэрбээр Азийн АШТ-д түрүүлсэн болон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, залуучуудын ДАШТ, оюутны ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.