Аваргуудын лигийн Е хэсэгт тэргүүлэгчийн төлөө тэмцэлдэж буй Английн “Ливерпуль”, Испанийн “Севилья” багуудын хооронд ширүүн тулаан өрнөж, эцэст нь 3:3-аар эвийн гэрээ байгуулав. Тоглолтын эхний хагаст Английн баг давамгайлж, гурван гоол дараалан оруулсан бол сүүлийн хагаст аргентин дасгалжуулагч Эдуардо Бериссогийн шавь нар цаг дуусах мөчид тооны харьцааг тэнцүүлсэн юм. Уг тоглолтод “Ливерпуль” өрсөлдөгчөө хожсон бол хэсгээ тэргүүлэх байв. Харин оноо хувааснаар зөрүү ойртож, хэсгийн сүүлчийн тоглолтоор тэргүүлэгчээ тодруулахаар боллоо.
Баг нь эхний хагаст гурван гоол алдсаны дараа “Севилья”-гийн дасгалжуулагч Эдуардо Бериссо гэнэтийн мэдээ дуулгаж, тоглогчдоо цочролд оруулсан юм. Тэрбээр тоглолтын завсарлагаанаар хувцас солих өрөөнд сууж байхдаа түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөөд байгаагаа дуулгасан байна. Энэ жил 48 настай аргентин эр өнгөрсөн зунаас хойш “Севилья”-г удирдаж буй. Тус багийн хуучин дасгалжуулагч Хорсе Сампаоли Аргентиний шигшээ багийг удирдах болсон тул Э.Бериссог урьжээ. Харамсалтай нь, өвчнийхөө улмаас ажлаа үргэлжлүүлэх, эсэх нь тодорхойгүй бөгөөд тун удахгүй мэс засалд орохоор төлөвлөсөн гэнэ. Клубийн ерөнхийлөгч Хосе Кастро энэ талаар Испанийн радиод өгсөн ярилцлагадаа “Одоогоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд хэцүү байна. Бид эмч нарын шийдвэрийг сонсоод ирээдүйд яах, эсэхээ шийднэ” гэж ярьжээ.
Сонирхуулахад, Э.Бериссо залуудаа төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог байв. Ид үедээ улсынхаа шигшээд багтан, 1996-2000 онд 13 тоглолтод оролцсон юм. Одоогоос 10 жилийн өмнө мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа өндөрлөж, Чилийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллах болсон билээ. Энэ ажлаа гурван жил гүйцэтгээд Аргентиний “Эстудиантес” клубийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Өнгөрсөн онд Испанийн “Сельта” клубийг удирдаж байхдаа “Европа” лигийн хагас шигшээд шалгарсан аж.