Мэргэжлийн боксын дэвжээнд босоо яваа олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт ес дэх тулаанаа өчигдөр хийлээ. Түүний ээлжит өрсөлдөгч нь мэргэжлийн дэвжээнд 19 тулаан хийж, бүгдэд нь (12-ыг нь хүнд цохилтоор) ялж, аль хэдийнэ мэргэжилтнүүдийн анхааралд өртөөд амжсан, Филиппиний боксчин Х.Торре байв. Бокс сонирхогчид өдгөө 23 настай түүнийг “Алх” хочоор нь андахгүй.
Эл тулаан мэргэжлийн спортынхны чансаа, нэр хүндийн илэрхийлэл, басхүү мөрөөдөл болсон Лас-Вегасын дэвжээнд болсон билээ. “Кing Tug” хочит Н.Төгсцогт зөвхөн өрсөлдөгчтэйгөө бус, бэртэл, гэмтэлтэйгээ тэмцэлдэн байж тулалдсан гээд тодотгох зүйл олон байв. Гавьяат өнгөрсөн зун бэлтгэлийн үеэр гарынхаа шөрмөсийг хүнд бэртээсэн. Хэдийгээр бэртсэнээсээ хойш тулалдаагүй, эмчилгээ эрчимтэй хийлгэж байсан ч эл тулаанаас өмнө эдгээж амжаагүй юм билээ.
Харин ч бүр эсрэгээрээ Х.Торретой хийсэн тоглолтын өмнөх ачаалалтай бэлтгэлийн үеэр удаа дараа сэдэрч, тэр ч бүү хэл сорил тулаан (спарринг) хийх боломж гараагүй гэнэ. Тулааны тов гарсны дараа спарринг хийх гэж оролдсон ч гарынх нь зовиур улам ихэссэн аж. Өөрөөсөө өндөр чансаатай тамирчинтай Лас-Вегасын дэвжээнд тулалдах боломж мэргэжлийн тамирчдад тэр бүр олдохгүй нь тодорхой.
Хэрвээ Н.Төгсцогт бэртэлдээ түүртэж, тулаанаас татгалзсан бол дахин ийм боломж гарахыг хамгийн багадаа л нэг жил хүлээх байсан болов уу. Сүүлийн есөн сарын хугацаанд тоглоогүй, бэртлийн улмаас спарринг хийж амжаагүй ч тэр бүхнийг даван туулж, тулалдсаныг нь тодотгоё. Өөрөөсөө чац урттай тамирчинтай “өрөөсөн” гараараа шахам тулалдана гэдэг хэцүү нь тодорхой. Гарынх нь бэртэл улам сэдэрсний улмаас ялагдах эрсдэл ч байсан.
“King Tug” тулааны эхнээс тайван тоглож, бэртэлтэй гараараа аль болох довтлохгүйг хичээж байгаа нь анзаарагдсан. Хоёрдугаар үеийн төгсгөлд өрсөлдөгчийнхөө баруун гарын хүчтэй цохилтод өртөж, нокдаунд оров. Улмаар “Алх” III, IV үед Н.Төгсцогтоос арай илүү санаачилгатай, идэвхтэй тоглосон.
Харин тавдугаар үеэс “Кing Tug” тоглолтын санаачилгыг гартаа авч, олон дараалсан хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө ядраан, илүүрхэж эхлэв. Тоглолтын үндсэн цаг дуустал тулааны хэмнэл, илүүрхлээ алдалгүй тулалдсан. Ийнхүү найман үеийн турш үргэлжилсэн тулаанд өрсөлдөгчөө шүүгчийн саналаар ялж, Монгол бахархлын өдөр монгол түмэндээ бэлэг барив.