“Токио-2020” олимпод өндөр амжилт гаргах магадлалтай залуу тамирчдыг “Таван цагариг” цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаа залуучуудын ДАШТ, өсвөрийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Чингис хаан” гран пригийн аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэнг онцоллоо.
Өдгөө 18 настай тэрбээр саяхан болсон залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын бөхчүүд дэлхийд алдартай. Энэ жинд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нэгэн цагт эх орныхоо нэрийг дэлхийд тамгалсныг уншигчид андахгүй. Тэгвэл өдгөө түүний шавь, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа багшийнхаа амжилтыг үргэлжлүүлж, Монголын жүдочдын нүүр царай болж буй.
Үүний сацуу багш, шавь хоёрын амжилтыг буухиалах цөөнгүй тамирчин торнин, тэднээс суралцаж буйн нэг нь Л.Энхрийлэн. Тамирчны амжилтад жингийн өрсөлдөөн маш чухал. Тэр ч утгаараа Д.Сумъяатай нэг жинд барилдан, хамт бэлтгэл хийдэг нь түүний амжилт, ур чадвар ахихад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь лавтай.
ЭМЭЭГИЙН ЭРХ ОХИН ИХ СПОРТОД ХӨЛ ТАВЬСАН НЬ
Эмээ, өвөөгийндөө өссөн Л.Энхрийлэн 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр барилдаж буй. Багаасаа бөхөд хорхойтой, жүдогоор барилдах сонирхолтой байсан ч эмээ нь анхандаа эрс дургүйцсэн гэдэг. Сав л хийвэл жүдогийн бэлтгэлийн танхим руу дэгдчихдэг охиноо өрөвдөөд ч тэр үү, нэг өдөр бэлтгэл хийхийг нь зөвшөөрч, Ц.Шийрэв багшид шавь оруулжээ.
Ц.Шийрэвийг мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд гялалзаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров, сонирхогчийн сүмогийн дэлхийн хошой аварга У.Бямбажав, Риогийн олимпод хүрэл медалийн оосроос атгаад алдсан Л.Отгонбаатар, ОУХМ Э.Тэмүүлэн, Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг, бөхийн 10 гаруй төрлөөр олон улсын тэмцээнээс медаль хүртсэн аймгийн арслан А.Давааням, 17-хон настайдаа аймгийн арслан болсон Б.Лхагвадорж тэргүүтэй олон шилдгийн анхны багш гэдгээр нь бөхийн хүрээнийхэн андахгүй.
Л.Энхрийлэнгийн талаар Ц.Шийрэв багш “Хөөрхөн ааштай, хөдөлмөрч. Авьяасыг хөдөлмөрөөр тордоод байхад амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. Хүний үгнээс зөрнө гэж үгүй. Суниа гэсэн бол яг л хэлсний дагуу гүйцэтгэнэ. Багаасаа амьдралын хатуу, хүтүүг үзчихсэн, тэвчээртэй. Бусдад тусархуу. Бэлтгэл дээр зөвхөн өөрөө юм суръя гэх бус бусдад мэдүүлэхийг хичээдэг. Д.Сумъяаг залгамжилж яваа охиноороо бахархаж байна. Жүдогоор барилдсан эхний жил нь дан техник зааж билээ.
16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэхэд нь их баярласан. Шавийн минь нас залуу, амжилт нь бүр ч залуу. Л.Энхрийлэнг эмээ нь их дэмжинэ. Шавиа амжилтад хүргээд эмээг нь баярлуулчих юм сан гэж хичээж явдаг” хэмээн тодотгов. Харин Л.Энхрийлэн жүдоч болсон тухайгаа “Өвөө минь 2006 онд бурхан болсон. Жүдоч болохыг эмээгээрээ арайхийж зөвшөөрүүлтэл кимоно авах мөнгө байдаггүй ээ. Эмээгийнхээ тэтгэврийн мөнгөнөөс илүүчилж байгаад өмсгөл аван, магнайгаа хагартал баярлаж байсан минь санаанаас ер гардаггүй юм. Бэлтгэл хийчихээд гэртээ ирэнгүүтээ л өмсгөлөө угаана, индүүднэ. Анхандаа бэлтгэл, хичээл хоёроо зохицуулах амар байгаагүй ээ. Бэлтгэл, тэмцээнтэй давхацсан үед хичээлээсээ чөлөө авна, заримдаа яалт ч үгүй сууж амжихгүй байх нь энүүхэнд. Тэр үед “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва, анги даасан багш Пүрэвдулам маань намайг их дэмжиж, тусладаг байсан. Жүдогоор хичээллэж эхэлснээсээ хойш зургаан сарын дараа Улаанбаатар хотын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, анхны амжилтаа гаргасан” гэлээ.
НЭГ ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР ТҮРҮҮ ХҮРТЖЭЭ
Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Л.Энхрийлэн 2013 онд “Боржин кап”-д өрсөлдөхдөө анхны түрүүгээ хүртсэнээ дурсах дуртай. Тэгэхдээ бүр нэг бус, хоёр алтан медаль авсан нь түүний сэтгэлд их тод үлдэж. Яаж нэг тэмцээнээс хоёр түрүү хүртсэн юм бол гэж уншигч та гайхаж магадгүй. Тэрбээр тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалд, маргааш нь залуучуудынхад эгч нартайгаа хүч сорин түрүүлжээ.
Түүгээр ч үл барам тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан юм. Л.Энхрийлэн өдгөө өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэн, УАШТ-ий өсвөрийн ангилалд нэг, залуучуудынхад гурван ч удаа түрүүлээд байна. Үүний сацуу улсынхаа дэвжээнээс насанд хүрэгчдийн ангилалд өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн. Сууж үүрэх, хөл тавих дархан мэхтэй тэрбээр ДАШТ-ээс өсвөр, залуучуудын ангилалд мөнгөн медалиар энгэрээ мялаагаад буй.
Азийн АШТ-д өсвөрөөс бусад насны ангилалд өрсөлдөж амжаагүй яваа Л.Энхрийлэн “Зөв сэтгэл, бодолтой явбал зөв замаар л амьдарна. Зөв бүхэн хүнийг зөв чигт хөтөлдөг” хэмээн хэлэх дуртай гэнэ.
17 НАСАНДАА “ЧИНГИС ХААН” ГРАН ПРИД ТҮРҮҮЛЭВ
Спорт сонирхогчдын хоног тоолон хүлээдэг, шимтэн үзэх дуртай тэмцээний нэг нь яахын аргагүй “Чингис хаан” гран при. Эх орондоо дэлхийн шилдгүүдийн барилдааныг үзэнгээ монгол жүдочдынхоо дээлийн захыг мушгин, дэмжихээс илүү сайхан юм гэж юу байх вэ. Тэр ч утгаараа эх орныхоо дэвжээнд түрүүгээ алдахгүйг зөвхөн тамирчид бус бөхийн хорхойтнууд хичээдэг.
Өнгөрсөн жил “Чингис хаан” гран при олимпын өмнө болсон тул “Рио-2016”-д зодоглосон Д.Сумъяа тэргүүтэй шилд гүүд тэмцээнийг өнжсөн юм. Хөдөлмөрийн баатрын эзгүйд гаднын бөхөд түрүүгээ алдах вий гэх айдас бөхийн хорхойтнуудад байсан нь лавтай. Харин бидний итгэлийг Л.Энхрийлэн хөсөрдүүлэлгүй жингийнхээ шилдгүүдийг өвдөг шороодуулсаар эх орныхоо дэвжээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Олон улсын тэмцээний анхны түрүүгээ хүртсэн тухайгаа “Эхний тойргоос л хүнд барилдаан хийсэн. Аваргын төлөө барилдахын өмнө “Гэр бүлийнхэн, монголчуудынхаа өмнө ялагдвал яана” гэж нэлээд түгшсэн. Дэвжээнд гарах мөчид түрүүлсэн бөхийг шагнасан Чингис хааны хөшөөний дүрс бүхийн цомыг харахад их гоё санагдаж билээ. “Японы тамирчныг заавал ялна” гэж өөрийгөө хурцалсан. Алтан медаль энгэртээ гялалзуулан, шагналын тавцанд зогсоод Төрийн дуулал эгшиглэх мөчид өөрийн эрхгүй уйлчихсан” гэв.
Д.СУМЪЯАТАЙ ЭН ТЭНЦҮҮ БАРИЛДДАГ МОНГОЛ ЖҮДОЧ
Бөхийн хорхойтнууд түүнийг монгол жүдочдоос Д.Сумъяатай эн тэнцүү, барилддаг тамирчин гэж үнэлдэг. Д.Цэрэнханд гавьяатад хүндэтгэл үзүүлэх барилдаанд залуу жүдочдоо төлөөлөн өрсөлдсөн нь аль хэдийнэ олны анхааралд өртөж эхэлснийх нь илрэл болов уу. Мэдээж Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолтнуудын багийн 57 кг-д Д.Сумъяа оролцсон. Л.Энхрийлэн Хөдөлмөрийн баатартай хоёр дахь удаагаа учраа таарсан нь тэр.
Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэн, чамгүй сайн барилдсаар цаг сунгасан ч яалт ч үгүй туршлага, ур чадвар дутан дийлдсэн юм. Тэрбээр өмнө нь буюу 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-д ялагдахдаа мөн цаг сунган барилдаад хожигдсоныг бөхийн хорхойтнууд сайн мэднэ. Тэрбээр Д.Сумъяатай нэг жинд өрсөлдөж яваадаа олзуурхдаг гэнэ.
Энэ тухай “Сумъяа эгчтэй хамт бэлтгэл хийж, нэг жинд барилдан, арга туршлагаас нь суралцаж яваагаараа бахархдаг. Өөрийгөө дэлхийн шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөх бол гээд төсөөлөх, баримжаа авахад амар байдаг юм. Туршлагатай, ур чадвартай бөхтэй барилдах тусам миний чадвар ахина. Сумъяа эгч дэлхийн шилдэг бөхчүүдийн тухай болон тэдэнтэй хэрхэн барилдвал дийлэх боломжтой талаар бидэнд үргэлж зөвлөгөө өгдөг. Бэлтгэлээ алгуурлах эрх надад байхгүй.
Зүтгэлтэй, хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг, амжилт дагадаг гэдэгт итгэдэг. Бэлтгэл, тэмцээн гээд бүхий л үед эмээ, багш хоёр минь тусладаг, урам өгдөг. Ирээдүйд Д.Сумъяа эгч шиг мундаг жүдоч болж, эмээ, багш хоёроо баярлуулахыг хүсдэг” хэмээн өгүүллээ.
БЭРТЛЭЭС АВСАН УХААРАЛ
Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэл түүнийг ч тойроогүй. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д болсон Чиндаогийн гран прид зодоглож байгаад өвдгөө гэмтээсэн юм. Барилдааны эхний үед хөл нь бэртсэн ч шүд зуун өрсөлдсөөр барилдаанаа дуусгажээ. Тэр үед түүнд юу бодогдсон талаар “Хөл яг тасарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэр хооронд юм юм л бодогддог юм билээ.
Хамгийн түрүүнд Түвшээ (Н.Түвшинбаяр) ах Лондоны олимпод аваргын төлөө барилдсан барилдаан бодогдсон. Босож ч чадахгүй, уйлсаар эмчээр үүрүүлээд дэвжээнээс буух хамгийн хүнд байсан. Тэргэнцэр дээр суун, хүнээр түрүүлээд эх орондоо ирсний дараа эрүүл байх л хамгийн чухал, юу ч хийж чадах юм байна гэдгийг ухаарсан. Тиймээс бэлтгэл дээр бүхнээ дайчилдаг, одоо л хичээж, боломжоо ашиглахгүй бол болохгүй гэж өөрийгөө хурцалдаг” гэлээ.
Тэрбээр бэртлийн улмаас энэ оны УАШТ-ийг өнжсөн. Улмаар дөрвөн сар гаруйн хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэсний ачаар гуравдугаар сард Германд болсон гран прид зодоглосон билээ.
ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ АНХ УДАА ӨРСӨЛДӨВ
Л.Энхрийлэн энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д Д.Сумъяатай хамт 57 кг-д өрсөлдөхдөө эхний тойрогт Казахстаны А.Казьюлинаг дийлсэн ч удаах даваанд ДАШТ-ий мөнгөн медальт, Японы жүдоч Ё.Цүкасад ялагдан, үзэгчийн суудалд шилжлээ.
“Д.Сумъяа өмнө нь гурван удаа дийлдсэн, ДАШТ-д 14 минут барилдан байж ялсан тийм лут бөхөд өвдөг шороодсон болохоор сэтгэлд тань арай өег байна уу” гэхэд минь “Харин тийм ээ. Уг нь медаль авна гэж л дэлхийн дэвжээнд өрсөлдсөн юм. Ё.Цүкасатай таараагүй байсан бол санасандаа хүрэх боломж байсан гэдэгт итгэдэг. Бид хоёр анх удаа барилдлаа. Санасан мэхээ зоригтой хийж, эцсийн хүчээ шавхартал барилдсан болохоор харамсаагүй. Саяхан Монголд болсон клубүүдийн Азийн АШТ-д түүнтэй дахин барилдахдаа даагаа нэхэхийг зорьсон ч чадсангүй. Дараа таарвал заавал ялна даа” гэсэн юм.
ХЭРВЭЭ ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН БОЛ...
Тэрбээр саяхан болсон залуучуудын ДАШТ-д анх удаа өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртсэн. Тус тэмцээний дэвжээ Ц.Шийрэв багшийн шавь нарт тун ээлтэй. Ө.Дүүрэнбаяр түрүүлж, Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг нар хошой мөнгөн медаль авсан юм. Үүний сацуу түрүү хүртэх босго монгол жүдочдод нэлээд өндөр. Залуучуудын дэлхийн аварга хэмээх алдрын эзэн ганцхан бөхтэй нь үүний илрэл болов уу. Хэрвээ Л.Энхрийлэн түрүүлсэн бол монгол бөхчүүдээс тус тэмцээнд аваргалсан хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны жүдоч болох байв.
Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдаанд 2015 залуучуудын дэлхийн аварга, Японы бөх Ф.Харүкад цэвэр ялагдсан. Хэдийгээр дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч тус тэмцээнд анх удаа зодоглон дэд аварга болсон нь яавч чамлах амжилт биш.
Тэрбээр залуучуудын ДАШТ-д хэрхэн оролцсон талаараа “Анх удаа зодоглож байна, аваргын төлөөх барилдаанд 2015 онд түрүүлсэн бөхийг ялж чадахгүй байх гэж өөрийгөө чамлаагүй. Энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорин, гран при болон олон улсын тэмцээнд цөөнгүй оролцчихсон болохоор надад ашигтай, давуу талтай байсан. Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг эгч тэмцээнд оролцохоор явахын өмнө “Насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөн, дэлхийн шилдгүүдтэй хүч сориод үзчихсэн юм чинь залуу чуудынх нь ангиллаас медаль хүртэж чадна аа, миний дүү” гэхэд нь гоё санагдаж байв.
Тус тэмцээнд түрүүлсэн анхны эмэгтэй жүдоч болохыг зорьсон ч санасандаа хараахан хүрч чадсангүй. Аваргалсан бол гэж бодохоор л харамсаж байна. Гэхдээ мөнгөн медаль надад ээлтэй. Олон улсын тэмцээний ихэнх медаль минь мөнгө. Японы бөх өмнөх тойргуудад бүх өрсөлдөгчөө хэвтээ барилдаанаас ялсан. Хэрвээ би хэвтээ барилдаанд сайн хамгаалж чадсан бол түүнийг өвдөг шороодуулах байлаа. Хэвтээ барилдаанд орохгүйг хичээсэн ч тусыг эс боллоо.
Яалт ч үгүй дархан мэхэнд нь цэвэр ялагдчихсан. Тэр даралтаас л гарчихсан бол аргалж болохоор байсан. Гэмтлээс эргэн ирснээсээ хойш олон улсын тэмцээнээс медаль хүртэж чадахгүй нэлээд удсан. Энэ сайхан мөчийг удаан хүлээлээ. Хүнд, хэцүү үеийг даван туулж, бэлтгэл, формондоо эргэн ороод медаль хүртсэн болохоор бүр ч сайхан санагдаж байна. Гэртээ хурдан харих сан, эмээдээ медалиа үзүүлэх сэн гэж их яарсан” хэмээв. Тэрбээр энэ амжилтаараа аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшээд байна.
Р.СИЛЬВАГААС Д.СУМЪЯАГИЙН ХАРИУГ АВАХ ДӨХӨВ
Энэ жил ОУХМ цолны болзол хангасан Л.Энхрийлэн тавдугаар сард болсон “Их дуулга” ангиллын тэмцээнд анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд Р.Сильватай өрсөлдөн, цаг сунгаж барилдаад торгуулиар дийлдсэн юм. Гэхдээ зүгээр нэг ялагдах бус цаг сунган, эн тэнцүү өрсөлдсөний эцэст торгуулиар ялагдав. Хэрвээ түүнийг дийлсэн бол Риогийн олимпын дэвжээнд аваргын төлөөх барилдаанд ялагдсан Д.Сумъяагийн хариуг авах байлаа.
Өдгөө Монголын үндэсний биеийн тамирын их сургуулийн дасгалжуулагчийн ангийн хоёрдугаар дамжаанд сурдаг тэрбээр манай сониноор дамжуулан Монголын жүдо бөхийн холбоо, “Сүлд” спорт хорооны хамт олон, Ерөнхийлөгч Х.Баттулга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдадаа болон гэр бүлийнхэн, Ц.Шийрэв багш, эмээдээ маш их баярлаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя.