Их Британийн нисгэгч, “Мерседес” багийн тамирчин Льюс Хэмилтон энэ оны ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлж, “Формула 1” уралдааны аваргаар дөрөв дэхээ тодорсон юм. Энэ жил 32 настай британи эр өөрийн шүтээн Эйртон Сенна, Нелсон Пике, нутаг нэгт Жаки Стюварт, Австралийн Жак Брабхам болон Австрийн Ники Лауда нарыг гүйцэж, Францын Алаин Прост, Германы Себастьян Феттель нартай зэрэгцлээ. Их Британийн хамгийн олон түрүүтэй нисгэгч болсон Хэмилтоны урд Германы домогт Михаил Шумахер, Аргентиний бахархал Хуан Мануэль Фангио нар бичигдэж буй. Үүнээс Шумахер ДАШТ-ий нийлбэр дүн болон нийт гараанд түрүүлсэн тоогоороо Хэмилтоноос илүү.
Мэргэжлийн уралдаанчид дунджаар 38 насандаа их спортоо орхидог гэсэн судалгаа бий. Домогт Сенна 28 насандаа анхны түрүүгээ авч байсан бол хамгийн сүүлд 1991 онд түрүүлсэн. Үүнээс хойш 1995 онд нас барах хүртлээ уралдсан бол домогт Шумахер дэлхийн аварга анхны цолоо 1995 онд 25 насандаа хүртэж, үүнээс хойш 10 жилийн хугацаанд долоон удаа тэргүүлсэн юм. Харин Л.Хэмилтоны хувьд 2007 онд 23 насандаа дэлхийн хамгийн залуу аваргаар тодорч, сүүлийн дөрвөн улирлын гуравт нь түрүүллээ. М.Шумахер 35 насандаа сүүлчийн түрүүгээ авч, их спортоо 43-тайдаа орхисон гэж үзвэл Хэмилтонд боломж бий.
ДАШТ-ий нийт гараанд түрүүлсэн тоогоороо М.Шумахер илт давамгай тэргүүлдэг. Герман эр 91 гараанд өнгөлсөн бол түүний ард Л.Хэмилтон 62 гарааны ялагчаар тодорсон амжилтаар удаалж буй. Судлаачид Хэмилтоны амжилтыг судалж үзээд М.Шумахерийн рекордыг 2020 онд эвдэх боломжтой гэжээ. Британи нисгэгч 2014 оноос хойш 40 гараанд түрүүлсэн. Энэ нь жилд дунджаар 10 гэсэн үг. Ингээд үзвэл Хэмилтон 35 насандаа авто спортын ноён оргилд хүрсэн М.Шумахерийн бүх амжилтыг эвдэж, түүхэнд нэрээ мөнхлөх боломжтой гэнэ.