Их Британийн боксчин, хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа WBA болон IBF холбооны аваргын бүсээ хамгаалах эхний тулаанаа хийлээ. Энэ жил 28 настай Жошуа Украины нэрт боксчин Владимир Кличког буулган авч, дэлхийн хүнд жингийн аваргаар тодорсон билээ. Үүнээс хойш зургаан сарын дараа Уэйльсийн Кардифф хотноо Францын боксчин Карлос Такамтай тулалдсан юм. Тулаан залуу аваргын хувьд амаргүй үргэлжилсэн. Тодруулбал, хоёрдугаар үед өрсөлдөгч нь түүнийг хүчтэй мөргөсөн учраас хамар нь хугарч, харин дөрөвдүгээр үед Такамыг хүнд цохилтоор унагаж чадсан юм. Өнөө жил 36 нас хүрсэн Такам тун сайн боксчин гэдгээ нотолж, хүнд цохилтод орсон ч шүд зуун өрсөлдөв. Такамын зүүн хөмсөг задарч, шүүгч тулааныг үргэлжлүүлэх дохио өгсөн аравдугаар үе хүргээд тоглолтыг зогсоож, Жошуад ялалт өгсөн байна. Шүүгчийн шийдвэрийг Такам ч, үзэгчид ч эрс эсэргүүцэв. Дүрэмд зааснаар тухайн боксчин тэнцвэрээ алдсан тохиолдолд тоглолтыг зогсоох ёстой. Харин Такам тэнцвэрээ алдаагүй, тулааныг цааш үргэлжлүүлэх боломжтой байсан ч шүүгч үүнийг анзаарсангүй.
Хэдийгээр энэ тулаанд тэрбээр ялагдсан ч дахиж тулалдахыг хүсэж буйгаа зарлав. Жошуагийн аваргаа хамгаалах тулаанд өрсөлдөгч тодрохгүй их удсан. Эцэст нь франц эрийг сонгож, түүнд ердөө 12 өдөр л бэлтгэл хийх цаг олджээ. Тиймээс “Дахин тулаан хийвэл эртнээс бэлтгэлээ базааж, өрсөлдөгчдөө бэлэг барих хүсэлтэй байгаа”-гаа Такам сэтгүүлчдэд ярьжээ. Харин Жошуагийн хувьд жиндээ ноёрхохыг хүсдэг. Тиймээс ирэх онд WBC холбооны аварга Деонтай Уайлдер, WBO холбоонд бүс эзэмшдэг Жосеп Паркер нарын нэгтэй тулалдах хүсэлтэй аж.