“Риогийн олимпод Монгол Улсаа төлөөлж, таэквондогийн төрөлд муугүй тулалдсан ч медаль хүртэж чадаагүй П.Тэмүүжин ахыг хараад “Би заавал олимпын аварга болно” гэсэн зорилго тавьсан” гэж ярьсан энэ залууг Г.Болор-Эрдэнэ гэдэг. Болохгүй, чадахгүй хэмээх айдсын хана, хэрэм сэтгэлдээ босгож, нийгмээс өөрсдийгөө тусгаарласан олон мянган залууст тэрбээр урам зориг хайрлаж, итгэл үнэмшлийн гүүр нь болохыг хүсдэг. Тиймдээ ч пара таэквондогоор тууштай хичээллэж, дөрөвхөн жилийн дотор ДАШТ болон Азийн АШТ-ээс тус бүр гурван түрүү хүртээд буй юм. Хамгийн сүүлд энэ сарын 19-21-нд Лондонд болсон пара таэквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. Дэлхийн чансааг гурав дахь жилдээ тэргүүлж буй шилдэг тамирчинтай ярилцсанаа хүргэе.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Сэтгэл шимширмээр явдал тохиож, монголчууд уй гашууд автсан энэ өдрүүдэд манай пара таэквондогийн тамирчид сайхан мэдээ дуулгаж, бага ч болов амирлалаа. Амжилтаа бататгаж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Бэлтгэлээ маш сайн базаасан учраас амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. 2016 оны гуравдугаар сараас Пара таэквондогийн үндэсний шигшээ багт харьяалагдаж, энэ багийн тамирчин гэж нэрлэгдэх болсон нь надад их урам зориг өгсөн юм. Дараа сараас нь би энгийн таэквондогийн үндэсний шигшээ багийнхантай Хандгайтад Азийн АШТ-д, манай бусад тамирчин ДАШТ-ий бэлтгэлд гарсан. Хоёр сар гаруйн хугацаанд шаргуу бэлтгэл хийсний дүнд долдугаар сард Азийн АШТ-д гурав дахиа түрүүллээ. Энэ бэлтгэлийнхээ эрчийг алдалгүй явсаар ДАШТ-ий түрүүг гурав дахиа хүртэж, их баяртай явна.
-Та пара таэквондогийн K44 ангилалд өрсөлддөг юм билээ. Энэ төрөлд ямар тамирчдыг оролцуулдаг юм бэ?
-K40-К44 хүртэлх ангилал бий. Хоёр болон нэг гаргүй, эсвэл гараа тайруулсан тамирчдыг K40-K43-т оролцуулдаг. Миний өрсөлддөг K44 ангилалд бугуйн хэсгээрээ тайруулсан эсвэл гар нь хатангиршсан тамирчид оролцдог. K44 ангилал нь олимпод албан ёсоор багтсан учраас хамгийн олон тамирчин өрсөлддөг. Энэ удаагийн ДАШТ-д гэхэд л 30 гаруй орны тамирчин оролцлоо.
-Энэ спортыг сонгож хичээллэсэн нь таны хувьд зөв сонголт байсныг гаргасан амжилтууд тань бататгасаар байна. Таэквондогийн спортоор хичээллэхэд юу нөлөөлөв?
-Би энгийн таэквондогоор 2011 оноос хичээллэсэн. Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубэд Н.Нэргүй багшийнхаа удирдлагад бэлтгэл хийдэг байв. Энэ үедээ УАШТ-д оролцон түрүүлж байлаа. Үүнээс гурван жилийн дараа буюу 2014 оноос пара таэквондод хөл тавьсан. Энгийнээс өөр, пара таэквондо гэж спорт байдаг гэдгийг тэр үед мэдсэн л дээ. Пара таэквондогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Отгонбаатар багштай уулзаж, учир явдлаа хэлээд “Арслан” клубэд М.Энхбаатар багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Тэднийхээ хүчээр л ийм бахдам амжилт гаргаад байна.
-Гараа сайн бол бариа сайн гэдэг аргагүй үнэн юм. Пара таэквондогоор хичээллэж эхэлсэн жилээ ДАШТ-д түрүүлсэн гэсэн байх аа?
Тийм ээ. 2014 онд ДАШТ-д анх удаа оролцохдоо түрүүлж, шилдэг тамирчин болсон.
-Гаргасан амжилтууд тань Монголын пара тамирчдын чансааг дэлхийд өргөөд зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган хүнд итгэл найдвар, урам зориг хайрласан нь дамжиггүй. Энэ спортоор хичээллэж эхлэхэд шантрах үе байв уу?
-Мэргэжлийн түвшинд хичээллэж эхлэхэд хүндрэлтэй зүйл байлгүй яах вэ. “Больё” гэж бодох үе ч байсан. Гэвч нэг их удалгүй тэгж бодохоо больсон. Таэквондод сайн хамгаалж, оноо алдахгүй байх нь чухал. Тиймээс гэмтэлтэй гараа саад, бэрхшээл гэж харах бус, хэрхэн давуу тал болгож ашиглахад анхаардаг.
Таэквондогоор тууштай хичээллэж, дэлхийн аварга болчихвол хүмүүсийн сөрөг хандлагыг өөрчлөх боломжтой гэж боддог байлаа. Хүмүүс намайг эрэмдэг гэж харахаа болино гэж бодсон, тэр үед. Анх ДАШТ-д оролцоход би 18 настай байсан юм. Зорилгоо биелүүлж, тэмцээндээ амжилттай оролцохын тулд өмнөхөөсөө хэд дахин олон цаг бэлтгэл хийсэн.
-Та гараа бугуйн хэсгээрээ тайруулсан гэсэн. Юунаас болоод ингэж гэмтсэн юм бэ?
-Би Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. Багаасаа хурдан моринд хорхойтой байлаа. 10 настайдаа мориноос унаж, гараа хугалсан. Аймгийн эмч нар миний гарыг тайрна гэхэд ээж минь эсэргүүцсээр онгоцоор хотод авчирсан гэдэг. Үүний ачаар гартайгаа үлдсэн. Гарныхаа яснаас 10 гаруй см-ыг тайруулсан. Гэхдээ энэ гар минь хөдөлгөөнтэй. Тийм эгзэгтэй үед зөв шийдвэр гаргасан ээжээрээ үргэлж бахархдаг.
Бага байхад хүүхдүүд намайг “тахир гарт” гэж дооглодог байж билээ. Үүнээс болоод гэрээсээ нэг их гарах дургүй, заримдаа хоол ундаа ч олигтой иддэггүй байсан. Хүүхдүүдэд дээрэлхүүлж, зодуулна. Юмаа булаалгаад уйлна. Ер нь нэлээд зожигдуу хүүхэд байсан. Гар муутайгаас болоод хүүхдүүд дээрэлхээд эхлэхээр бие хамгаалах урлагийн аль нэг төрлөөр хичээллэвэл хэрэгтэй юм байна гэж бодон таэквондог сонгосон бол одоо энэ спортод сэтгэл зүрхээ зориулж, олимпын аварга болохын төлөө зүтгэдэг болсон.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа хүүхдүүд бусдын хандлагаас болоод өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж, сэтгэлээр унах нь түгээмэл байдаг юм шиг анзаарагддаг.
-Тийм ээ. Би яг энэ хүнд үеийг туулсан, мэдэрсэн. Ээж, аав минь машин, байшин гээд буй бүхнээ зарж, миний эмчилгээнд зориулсан. Толгой тархи өвдөхгүй, бие эрүүл болчихоор хүн аргагүй өөр болдог юм билээ. Гэртээ бүгэхээ больж, үеийнхэнтэйгээ тоглож наадаад л.
-Спорт хүнийг хүн болгодог гэдэг. Таэквондо танд ямар үнэт зүйл өгөв?
-Хүнийг хүндлэх ухаан хайрласан. Энэ спортоор хичээллэж эхэлсэн үеэс би хүндлэлийг мэдэрсэн. Нэг насаар ах хүнийг ч та гэж хүндэтгэдэг. “Рио-2016”-д оролцож, таэквондогийн төрлөөр олимпод Монголоос оролцох анхны эрх авсан П.Тэмүүжин, М.Түмэнбаяр ах болон шигшээ багийн бусад тамирчдаасаа би үргэлж суралцдаг, тэднээрээ бахархдаг.
-Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам олимпод оролцох нь, тэр дундаа төрийнхөө далбааг мандуулах нь тамирчин бүрийн зорилго. Түүхэндээ ганцхан медальтай байсан манай пара тамирчид өнгөрсөн жил Риогийн паралимпэд чамгүй амжилттай оролцож, хоёр ч хүрэл медаль хүртсэн учир “Токио-2020”-иос монголчууд ихийг хүлээж буй нь гарцаагүй. Харин таны хувьд паралимп хэр ойр санагдаж байна вэ?
-Дэлхийн чансаагаар эхний дөрөвт эрэмбэлэгддэг тамирчид оноо цуглуулах эрхийн төлөөх тэмцээнд оролцохгүйгээр олимпод өрсөлддөг. Үлдсэн 12 тамирчин нь ийм эрх олж авахын төлөө оноо цуглуулдаг. Би өөрийнхөө оролцдог ангилалд дэлхийн чансааг гурав дахь жилдээ тэргүүлж байгаа болохоор олимпод оролцох бүрэн боломжтой. “Рио-2016”-д Монгол Улсаа төлөөлж таэквондогийн төрөлд муугүй тулалдсан ч медаль хүртэж чадаагүй П.Тэмүүжин ахыг хараад “Би заавал олимпын аварга болно” гэсэн зорилго тавьсан.
-Тамирчдад нийтлэг тулгамддаг асуудал бол санхүүгийн бэрхшээл. Та үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Ер нь пара тамирчдыг төр, засгаас хэр дэмждэг бол?
-Пара таэквондогийн үндэсний шигшээ багийг байгуулаагүй байхад одоогийн ерөнхийлөгч Д.Мөнхбаатар багш маань биднийг дэмжиж, санхүүгийн асуудлыг зохицуулдаг байв. Харин өнгөрсөн оноос бид улсын зардлаар бэлтгэл, сургуулилалтаа хийж, тэмцээнд оролцох болсон. Олимпын аварга болбол дөрөв, мөнгөн медаль хүртвэл гурав, хүрэл медаль авбал хоёр сая төгрөгийн урамшуулал төрөөс олгодог. ДАШТ-ий түрүү авбал хоёр саяыг өгдөг. Би 2015 оноос сар бүр хоёр сая төгрөгийн тэтгэмж авч байгаа. Дахиж ДАШТ-д түрүүлбэл тэр мөнгө нь тодорхой хэмжээгээр нэмэгдээд явдаг. Энэ урамшуулал надад маш их нэмэр болдог. Миний авдаг цалин он гараад нэмэгдэх байх.
Тамирчдын амжилтад бэлтгэл, сургуулилалт маш чухал. Харин үүнийг хангах орчин, нөхцөлийг бүрдүүлж, хувийн зардлаар бидэнд сайхан танхим байгуулж өгсөн Пара таэквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатартаа талархаж явдгаа энэ дашрамд хэлье. Түүний ачаар олон тамирчин амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа.
Хөгжлийн бэрхшээлтэйгээсээ ичдэг, спортоор хичээллэж, өөрийгөө нээхийг хүсэж байгаа хүмүүс Дарь-Эх дэх манай салбар клубэд ирээд, бидэнтэй уулзаж болно. Манай клубийн үүд хаалга үргэлж нээлттэй. Насны хязгаар байхгүй.
-Монголд пара таэквондогийн тэмцээн тусдаа болдоггүйгээс энгийн тамирчидтай тулалддаг гэсэн. Нэг талаар энэ нь дутагдалтай юм шиг боловч нөгөөтэйгүүр давуу тал юм. Хүчирхэг өрсөлдөгч хамгийн сайн багш гэдэг дээ.
-Тийм шүү. Бидэнд том давуу тал болдог. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний дөрвөн байрт орсон тамирчдыг тойргоор тоглуулдаг нь маш зөв гэж боддог.
-Спортоор хичээллэж, амжилт гаргахад хүмүүсийн хандлага ч өөр болдог байх.
-Анзаарагдсан. Анх ДАШТ-д түрүүлчихээд нутагтаа очиход үнэхээр сайхан хүлээж авсан. Өнгөрсөн зун Азийн аварга болоход ангийн багш, найзууд минь намайг тоссон. Сая дуулах нь ээ, амьдарч байсан дотуур байранд минь миний зурагтай самбар байрлуулах гэнэ. Мөн Сүхбаатар аймгийн төв талбайд ч ийм дурсгал бий болгох талаар ярьж байгаа гэсэн. Би найзуудаасаа дуулсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй атлаа нийгмийг манлайлж, олон зуун залууст үлгэр дуурайл болж яваа хүн олон. Тухайлбал, “Ахиллис Монгол” ТББ-ын тэргүүн Л.Саранчулуун. Тэр өөрийгөө ялан дийлсэн. Харин одоо өөр шигээ зовлонтой олон залууст итгэл үнэмшил хайрлахаар уйгагүй хөдөлмөрлөж байна. Та хөгжлийн бэрхшээлтэй залуучууд руу чиглэсэн ямар нэг нөлөөллийн ажил хийх талаар бодож байсан уу?
-Бодсон, энэ талаар ээжтэйгээ ярьсан зүйл бий.
-Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Таэквондогийн тамирчдад зайлшгүй байх чадвар юу вэ?
-Техник чухал. Техникээ сайн эзэмшсэн тамирчин гэмтэл, бэртлээс хол байдаг.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Хөлбөмбөг тоглох дуртай. Мөн таэквондогийн шилдэг тамирчдын тоглолтын бичлэг үзэж, туршлага су- далдаг.
-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?
-Ирэх сард нэг том тэмцээнтэй. Дөрвөн жилд нэг удаа болдог. Өнөөдрөөс бэлтгэлдээ орно.
-Залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
-Хөдөлмөрлөөрэй, бүү залхуураарай, тууштай байгаарай гэж захья.
Тэрбээр ярилцлагын төгсгөлд “Олон улсын “Тяньши” корпорац, Монголын таэквондогийн болон Пара таэквондогийн холбооны удирдлага, хамт олон, багш нартаа, намайг үргэлж хурцалдаг өрсөлдөгчдөдөө баярлалаа” хэмээсэн юм.