Ирландын холимог тулаанч Конор МкГрегор АНУ-ын боксчин Флойд Мэйведертэй дахин тулалдвал ялна гэж мэдэгджээ. Ирланд эр мэргэжлийн бокст анхны тулаанаа америк боксчинтой хийсэн ч аравдугаар үед хүнд цохилтоор ялагдсан билээ. Энэ тулаанаас багагүй ашиг олсон Конор хэсэг хугацаанд амарсны эцэст их спортдоо эргэн ирэхээр төлөвлөж буй.
Холимог тулаанаар өнгөрсөн оноос хойш тулалдаагүй МкГрегор аваргын бүсээ хамгаалах даалгавартай. Аваргын бүсийн төлөө түүнтэй тулалдах эрх авахын тулд Тони Фергюсон, Кевин Ли нар удахгүй нударга зөрүүлнэ. Үүнээс өмнө заналт өрсөлдөгч Найт Диазтай гурав дахь тулаанаа хийж магадгүй гэнэ. Холимог тулаанаар хамгийн сүүлд түүнийг ялсан хүн бол Н.Диаз. Үүнээс таван сарын дараа Конор хариугаа авсан билээ.
Түүнчлэн мэргэжлийн боксоор Ф.Мэйведертэй дахин тулаан хийвэл ялах аргаа олсон гэж “Fightness”-ийн сэтгүүлчид ярьжээ. Гэхдээ UFC холбооны тэргүүн Дана Уайт Конорыг мэргэжлийн боксоор дахин тулаан хийхгүй байхыг зөвлөсөн юм.