Урин цагийг угтсан урлаг, соёлын арга хэмжээнүүд эрчээ авчээ. Театр бүр л хавар цагийн нээлтээ хийж, шинэхэн уран бүтээлээ олны хүртээл болгож буй. Иймд эдгээр бүтээлээс заримынх нь тухай мэдээлэл хүргэе.
“Монголын нууц товчоон”-оос сэдэвлэсэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгоно
Төмөр замын чуулга болон “Цагаан лавай”-гийнхан хамтран “Монголын нууц товчоон”-оос сэдэвлэсэн “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 18-29-нд 19.00 цагаас өдөр бүр олны хүртээл болгох аж. Уг уран бүтээл нь монгол түмний сэтгэлгээний онцлог, улс, үндэстнээ хайрлах чин сэтгэл, үнэнч шударга нөхөрлөл, эрэлхэг, дайчин зан чанар, эх хэл, өв соёл, эв нэгдлийг өгүүлэх юм. Үндэсний бахархал төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах энэ бүтээлийг “Ган зам” паласын тайзнаа толилуулна. Эл тоглолтын тасалбар 30-50 мянган төгрөгийн үнэтэй.
“Самсара”-д саатаарай “Мөрөөдлийн театр”-ынхан “Самсара” драмын жүжгээ энэ сарын 20 хүртэл үдэш бүр Соёлын төв өргөөний тайзнаа толилуулна.
Материаллаг ертөнц ба үхлийн дундах мөчлөг буюу “Самсара”-д очсон хүмүүс ямар орчин, нөхцөлд байдаг талаар харуулах эл жүжгээс хүний амьдралын үнэ цэн, утга учрыг тольдох боломжтой гэнэ. “Самсара”-д хэрхэн ирсэн, хэзээ явах нь тодорхойгүй тэдний дунд үл ойлголцол, нөхөрлөл, бүр хайр дурлал ч байдгийг харуулах эл жүжгийн тасалбарыг суудал, эгнээ зэргээс хамаараад 35-60 мянган төгрөгөөр худалдаж байна.
Монгол Үндэстний онцлогийг харуулсан тоглолттой
ҮУИТ-ыг үүсгэн байгуулсны 75 жилийн ойг тохиолдуулан Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатарын дэглэн найруулсан “Монгол угсаатан мину” тоглолтыг энэ сарын 21-нд 19 цагаас толилуулах аж.
Тус театрынхан монгол үндэстэн, угсаатны онцлогийг харуулсан сор бүтээлүүдийнхээ дээжээс үзэгч олондоо толилуулж, сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх зорилгоор эл тоглолтыг олны хүртээл болгож буй гэнэ. Тоглолтод зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дууны ангийнхан дуучид болон Төрийн үндэсний их найрал хөгжимчид оролцох аж. Эл тоглолтын тасалбарыг 15-45 мянган төгрөгөөр борлуулж буй.
Оршихуйн мөн чанарыг дахин өгүүлнэ
БНХАУ-ын алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” номоос сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг “Орфей” театрынхан энэ сарын 27-нд 19.00 цагаас тайзнаа дахин тоглоно. Амьдралын мөн чанарын тухай өгүүлэх энэхүү драмын жүжгийг ирэх сарын 1 хүртэл Тусгаар тогтнолын ордонд толилуулах бөгөөд тасалбарыг 40 болон 50 мянган төгрөгөөр худалдаж байна.
Хүүхэлдэйн ертөнцөөр аялах боломж
Сурагчдын бие даалтын долоо хоногийг угтан Хүүхэлдэйн театрынхан “Пиноккио” хүүхэлдэйн жүжгээ толилуулах нь. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй хослуулсан эл жүжгийг маргаашаас үзэгчдийн хүртээл болгох аж. Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насны хүнд зориулагдсанаараа онцлогтойг дээрх театрынхан тодотгосон юм.
У.Сүрэн