Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” Олон Улсын форум эхэллээ. Форумын эхний өдөр авто зам, автотээврийн салбарын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Долоо хоногийн турш бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, Хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, Тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, Гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, Тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх асуудлаар хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газар алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний үе шат болох Шинэ сэргэлт-ийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази, Европыг холбосон транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд тавьсан зорилтуудаа үр дүнтэй, хурдтай, чанартай, бас цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улс нийт 14 920 км Олон улсын болон улсын чанартай авто замтай. 2023 оны эцэс гэхэд 8100 км хатуу хучилттай авто замтай болно. Мөн Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн оруулж, Ази Европыг холбосон авто замын 2 дахь коридороо нээлээ” хэмээн ярилаа.
Өмнөх 2022 онд зөвхөн Европын Холбоо болон БНХАУ-ын худалдааны эргэлт 850 тэрбум ам долларт хүрсэн бол БНХАУ болон ОХУ-ын худалдаа 190 тэрбум ам долларт хүрч 34 хувиар өссөн. Энэ бүх өсөлт Монгол Улсын хувьд хилийн боомтуудаа төмөр зам болон хатуу хучилттай авто замаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, бүс нутгийн хэмжээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулах юм.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулахад анхаарч байна.Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна. Түүнчлэн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг шинээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Цаашид урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болно. Мөн Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг- Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барих юм.
Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” Олон улсын форумын үеэр танилцууллаа.
“Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс “Азийн бүсийн Өндөр түвшний 2 дахь удаагийн Яриа хэлэлцээ”-г зохион байгуулахаас гадна төмөр зам, иргэний нисэх, авто зам, автотээвэр, далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, хөрөнгө оруулагч нарт зориулан танилцуулж байна. Түүнчлэн тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг нэмэгдүүлэх санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж буй байдал болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн олон улсын сайн туршлагаас хуваалцах юм.