Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн хоёрдугаар чуулганы 168 дугаар шийдвэрээр НҮБ-ын дүрэм батлагдаж байжээ. Дүрмийн дагуу 1945 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс энэ өдрийг “НҮБ-ын Өдөр” хэмээн тэмдэглэж эхэлсэн. 1971 оны Ерөнхий Ассамблейн 26 дугаар чуулганаар тус өдрийг олон улсын баярын өдөр гэж зарлаад гишүүн улс орнууддаа Төрийн баяр болгож тэмдэглэж байхыг уриалсан байдаг. НҮБ-ын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга жил бүр дэлхий нийтэд хандсан илгээлт хүргүүлдэг уламжлал тогтжээ.
Монгол Улс нь 1946 онд Сан-Францискогийн энхийн гэрээ батлагдсан цагаас хойш НҮБ-д элсэхээр анх өргөдөл гаргаж байсан боловч тэр үеийн өрнөдийн орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан. Улмаар найман удаа өргөдөл гаргаж, 15 жилийн дараа 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын өндөр босгыг алхсан түүхтэй.
Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсээд өнгөрүүлсэн жаран жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа батжин бэхжиж, харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа болон төлөвшсөн байна. Монгол Улс дахь НҮБ нь ардчилсан засаглал, хүний эрх, нийгэм, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, улмаар дасан зохицох, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарыг хамарсан хөгжилд хувь нэмэр оруулж буй НҮБ-ын системийн 11 байгууллагаас бүрддэг.
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА)-н чуулгануудад оролцож, Засгийн газрын бодлого, байр суурийг илэрхийлж, тэдгээрийг зохицуулах, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах хэлбэрээр оролцож ирсэн.
Хамтран ажиллаж буй тодорхой чиглэлүүд:
- Ядуурлыг бууруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах /Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх/
- Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүрэг ролийг бэхжүүлэх
- Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх
- Далайд гарцгүй орнуудын байдлыг сайжруулах
- Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулах
- Шинээр болон сэргээн тогтоосон орнуудын ардчиллыг дэмжих, хувь нэмэр оруулах.
Монгол улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн олон асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлэн батлуулж, 500 гаруй тогтоол шийдвэрт хамтран зохиогчоор нэгдэж орсон байна.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр хэмжээний уулзалтад 13 удаа оролцсон байна.
Үүнд:
- 1967 онд Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал
- 1992, 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат
- 1996 онд Ерөнхий сайд М.Энхсайхан
- 1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал
- 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
- 2001, 2002 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр
- 2003 онд Ерөнхийлөгч Н.Багабанди
- 2015, 2016 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
- 2017 онд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
- 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
НҮБ-аас зохион явуулсан өндөр, дээд хэмжээний томоохон хурал чуулганд оролцсон байдал:
- Хүрээлэн буй орчин ба хөгжлийн асуудлаарх Рио-де Жанейрогийн дээд хэмжээний уулзалт (1992 он);
- Хүн ам, хөгжлийн асуудлаар Каирийн бага хурал (1994 он);
- Нийгмийн хөгжлийн асуудлаар Копенгагены дээд хэмжээний уулзалт (1995);
- Эмэгтэйчүүдийн асуудлаар дэлхий дахины IҮ бага хурал (1995)
- Хүнсний асуудлаар дээд хэмжээний уулзалт (1999)
- Хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаар Монтеррейн олон улсын бага хурал (2002)
- Тогтвортой хөгжлийн асуудлаар Йоханес бургийн дээд хэмжээний уулзалт (2002)
- Мэдээлжсэн нийгмийн асуудлаар дэлхийн дээд хэмжээний уулзалт (2003)
1977 онд НҮБ-ын ЕНБД Курт Вальдхайм, 1987 онд Перес де Куэльяр, 2002 онд Кофи Аннан, 2009 онд Бан Ги Мүн нар манай улсад тус тус айлчилж байжээ. Монгол Улс нь НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд нэг хүнд ногдох НҮБ-ын энхийг сахиулагчдын тоогоороо дэлхийн улс орнуудаас өндөр үзүүлэлттэй байна.
Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс НҮБ–ын энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг эрмэлзэж, 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан. 2002 оноос 2022 он хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 мянга гаруй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Монгол Улсын цэргийн алба хаагчид Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп-Эритэри, Чад, Баруун Сахар, БНАКонго Улс, Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан Улс, Судан Улсын Абейяа муж зэрэгт явагдсан энхийг сахиулах ажиллагаанд цэрэг эрсээ илгээж байжээ.
Монгол Улсын төлөөлөгчдөөс санаачлан НҮБ-ын Ерөнхий ассамблейд оруулж батлуулсан тогтоолууд:
- Зэвсэг хураах долоо хоногийн тухай /33-34, 37-44 дүгээр чуулган/
- Улс түмэн энх тайван орших эрхийн тухай /39-43 дугаар чуулган/
- Эдийн засгийн хөгжил ба байгалийг хамгаалах тухай /17 дугаар чуулган/
- Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай /32-35 дугаар чуулган/
- Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай /39-40 дүгээр чуулган/
- Чилид хүний эрхийг зөрчиж байгаа тухай /29 дүгээр чуулган/
- Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /31, 33 дугаар чуулган/
- Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /37, 39, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58 дугаар чуулган/
- Нийгмийн дэвшлийн үүднээс нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийх үндэсний туршлагын тухай /36, 38, 40 дүгээр чуулган/
- Хоршооллын хөдөлгөөнийг дэмжих тухай /36, 44 дүгээр чуулган/, Нийгэм-эдийн засгийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай /48, 51, 54 дүгээр чуулган/,
- Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүргийн тухай /56, 58 дугаар чуулган/;
- Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай /41, 42 дугаар чуулган/, Бүх нийтээр бичиг үсэгтэн болох НҮБ –ын 10 жилийн тухай /54, 56, 59 дүгээр чуулган/;
- Орон гэрээр хангах олон улсын жилийн тухай /40, 41 дүгээр чуулган/
- Орон гэртэй байх эрхийн тухай /41, 42 дугаар чуулган/
- Сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх тухай /38 дугаар чуулган/
- Бүх нийтийн боловсрол /52, 54 дүгээр чуулган/
- Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай 53, 55, 57, 59 дүгээр чуулган/
- Олон улсын хэлэлцээ хийх зарчим, чиглэлүүд /52, 53 дугаар чуулган/
- Далайд гарцгүй орнуудын асуудал /52, 54 дүгээр чуулган/