УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор байгуулсан, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын хэсэг өчигдөр хуралдав. Ингэхдээ Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалттай танилцаж, Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдээс сонгох журмыг баталжээ. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнийг багтаасан жагсаалтыг ажлын хэсгийнхэн гаргасан байна. Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, нийт нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан 11 хүнийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд дэвшүүлэхээр сонгосон аж.
Үүнд:
1. Л.Төр-Од
(Улс төрийн эдийн засагч, эрх зүйч)
2. Г.Галбадрах
(Зураг, хөдөлмөрийн багш)
3. О.Мөнхсайхан (Судлаач)
4. О.Амартүвшин (Эдийн засагч)
5. Ө.Ганхуяг (Эдийн засагч)
6. Х.Ганбаатар (Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер)
7. Г.Чулуунбаатар (Гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич)
8. С.Эрдэнэбат
(Хөдөлмөрийн эдийн засагч)
9. Д.Моондой (Радио электроникийн инженер)
10. Д.Мягмарсүрэн (Улс төр судлаач)
11. И.Цэрэн-Онолт
(Багш, математикч) багтжээ.
Нэр дэвшигчдийн жагсаалт болон санал хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулах юм байна. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх талаар санал, дүгнэлт гарган, холбогдох шийдвэрийн төслийн хамт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.9-т “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилохдоо эрх бүхий этгээд бүрэлдэхүүнийг сонгох болсон үндэслэл, шалтгааныг дурдаж олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу тэднийг сонгосон үндэслэл, шалтгааныг тодорхой дурдах аж.
Бэлтгэсэн У.Наран