“Нүүрсний хулгайчдад” эрүүгийн хариуцлага шүүхээр тооцуулах маш амар хялбар, энгийн, ойлгомжтой арга зам бол Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах явдал юм. Энэ хуулийн 3.1.1-т “эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, байгалийн төрцийг ойлгоно гэж заасан байдаг. Энэ хэсэгт л “нүүрс” гээд нэмэлт оруулаад өгчихөд л болно. Самар, түүхий нефть, ноос, ноолуурыг тусгаж болно. Түүхий эд гэдэгт түүхий нүүрс бараг багтаж байгаа байх.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн гэмт хэргийн тухай ойлголт бий. Диспозицод нь “эрдэнэс”, “эрдсийг” Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол ял шийтгэнэ гэж заасан байгаа. “Эрдэнэс” гэдгийг Эрдэнэсийн сангийн тухай хуулийн дээрх заалтаас эш татан авч, Эрүүгийн хуулийг хэрэглэдэг. Ингэснээр л “нүүрсний хулгайчдад” улсын хилээр нүүрс хууль бусаар нэвтрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэх арга зам нь тодорхой болж, мөрдөж тогтооход хялбар, хууль нь ойлгомжтой, ард нийтийн бухимдал арилна. Түүнээс биш дан ганц авлигын гэмт хэрэг гэж үзэж шалгавал нэгт тогтоогдохгүй, хоёрт замхраад алга болно.
Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг тус бүрт ял ногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог. Жишээ нь, нүүрс хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт нь тав, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт нь тав, авлигын гэмт хэрэгт нь 10 жил гэдэг чюм уу нэмж нэгтгээд 20 жилийн хугацаатай хорих ял болно гэсэн үг. Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ гэсэн хууль зүйн ойлголт байдаг.
Харин Эрүүгийн хуулиас бас хасах бүлэг, заалт байна гэж үзнэ. Үүнд ерөнхий ангийн есдүгээр бүлэг буюу “хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, мөн тусгай ангийн 19.8 дугаар зүйл буюу экстремист үйл ажиллагаа явуулах гэх мэт. Яагаад гэвэл одоо нүүрсний хулгайчид “Би гаргаагүй, компани гаргасан, хамтын шийдвэр байгаа” гээд мэдүүлгээ өгнө, өгчихсөн ч байгаа. Компанид хөнгөн буюу торгох, эрхийг нь хасах ял л шийтгэдэг. Мэдээж компанийг хорих гэсэн ойлголт байхгүй. Нэг ёсондоо “хүн” шийтгүүлдэггүй. Гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигч ялаас чөлөөлөгдөх бүрэн нөхцөлийг бүрдүүлж байгаа.
Хэвлэн нийтлэх, ард нийтийн жагсаал цуглаан хийж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс төрийн үйл ажиллагаа явуулсны төлөө шийтгэдэг хууль нь энэ экстремист үйл ажиллагаа явуулах гэсэн зүйл анги. Энэ зүйл ангийг Эрүүгийн хуулиас хассанаар Үндсэн хуульдаа заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго бага ч гэсэн биелэхболно.
2002 оны болон өмнөх Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, экстремист үйл ажиллагаа явуулах гэсэн зүйл, бүлэг байгаагүй. 2015 онд баталсан Эрүүгийн хуульд оруулж өгсөн юм. “Хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон нь хэр зэрэг авцалдаатай, тохиромжтой болсныг та бүхэн ойлгож буй байх аа.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэж байдаг. Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах болон бусад гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдлах, гэрээгээр халхавчилсан бол гэмт хэрэг болно гэсэн ойлголт байхгүй. Өмнөх хуульд байсныг үгүй болгосноор нүүрсний хулгайг мэдээлэхгүй байж болж байна, нууцад оруулж болж байна, дараа нь “гэрээтэй иргэний хэрэг” гэж хэлэх, мэдүүлэх нөхцөл боломж бүрдүүлж өгсөн.
Хятад улсын хил, гааль, хуулийн байгууллагаас баримт гаргуулж, хэргийн нотлох баримт болгоно гэж яриад байна. Гадаад улсаас ирүүлсэн баримтыг шүүх нотлох баримтаар тооцох магадлал багатай. Яагаад гэвэл Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай. ОХУ-д хийлгэсэн шинжээчийн галт зэвсгийн талаар гаргасан дүгнэлт хэрэгт авагдсан байхад шүүх энэ хуулийг үндэслэл болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон практик бий.
Эрүүгийн хуульд мянган нэмэлт, өөрчлөлт оруулж санкцыг нь ихэсгээд нэмэргүй. Яагаад гэвэл энэ хуульд “яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ, дордуулсан хуулийг хэрэглэж болохгүй” гэсэн зарчим байгаа. Энэ бол олон улсын нийтлэг зарчим. Харин Эрдэнэсийн сангийн тухай хуульдаа дээрх маягаар нэмэлт оруулаад, Эрүүгийн хуулиас хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн бүлэг, экстремист үйл ажиллагаа явуулах гэсэн зүйлийг хасах гэсэн арга зам байна гэж хуульч, багш, судлаач хүний хувьд үзэж байна.
Б.Эрдэнэбат: Хуульч, багш