АН-ын “4:11” ээлжит мэдээллийн цаг өчигдөр болж, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж АН-ын дарга С.Эрдэнэ хэлж байгаа ч тэрбээр хүлээн зөвшөөрөөгүй. Ч.Өнөрбаяр “Улс төрийн намууд клиентизмээр өвчилжээ. Эрх мэдэлтэй хүмүүст нэр төр, үнэт зүйл, зарчмаа худалддаг хүмүүс АН-д ч бий. Одоогийн сонгуулийн тогтолцоо нь хэдэн дээрэмчин мөнгө цацаад л “шархаа” нөхдөг нөхцөл бүрдүүлсэн” гээд Улс төрийн намын тухай хууль болон сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатайг онцлов. Мөн сүүлчийн хоёр сонгууль дараалан олонх болсон эрх баригчид нүүрсний хулгайч нарыг намаасаа, дотроосоо хайх ёстой гэлээ.
Түүнчлэн АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “МАН-ын бүлэглэл хоорондын зодоон ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Дотоод зөрчлөө булзааруулахын тулд аж ахуйн нэгжүүд, тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” руу онцлон дайрах боллоо. Засгийн газар бодлогыг үргэлжлүүлэх ёстой. Нүүрсний хулгайтай тэмцэх нь зөв ч хийрхэл нь дэндэж, хэлмэгдүүлбэл манай улсыг гадаад орчинд муухай харагдуулна. Бизнесийн нэр хүнд ч унаж байна. Улсаараа хулгайч үндэстэн болчихлоо” хэмээв.
Бэлтгэсэн Б.Уран