Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга ладимир оронков нар АНУ-ын Нью-Йорк хотноо уулзаж, тус байгууллагын “Go travel” программ хангамжийг Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн алба (ЗМА)-нд нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурлаа. НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Воронков НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны бас нэгэн чухал үе шат болох Харилцан тохиролцооны санамж бичигт гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр тус хөтөлбөрийг харьцангүй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэхийн зэргэцээ Монгол Улсын сайн туршлагыг бусад гишүүн оронд танилцуулж, дэмжлэг үзүүлэхэд нягт хамтарч ажиллахыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэсэн юм. Мөн Зорчигчийн мэдээллийн албаны нээлтийг угтуулан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг талархан хүлээн авлаа.