Засгийн газрын аравдугаар сарын 26-ны хуралдаанаар Төрийн худалдан авах ажиллагааны газар (ТХААГ)-ын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөхийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр хүсэлтээрээ ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд дараагийн даргыг томилох тухай асуудлыг оруулж ирэхийг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгосон. Тэгвэл ТХААГ-ын даргаар Ц.Батзулыг томилох шийдвэр гаргаж, тэрбээр ажлаа аваад удаагүй байна. Ц.Батзулын хувьд Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албанд 10аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан байна” гэж заасан бөгөөд салбараа мэддэг хүн томилогдлоо гэж ТХААГ-ынхан ам сайтай буй гэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын I орлогч даргаар хурандаа Ж.Өсөхбаярыг томилсныг өнгөрсөн даваа гарагт тус штабын даргад танилцуулж, ажилд нь орууллаа. Хурандаа Ж.Өсөхбаярын хувьд удам дамжсан цэргийн алба хаагч бөгөөд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салааны захирагчаас батальоны захирагчийн орлогч, штабын даргаар томилогдон ажиллаж, Зэвсэгт хүчний 327, 167 дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ-үнэлгээний газрын даргаар ажилласан нэгэн. Тэрбээр 2008 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багийн сургалтын офицероор, 2012 онд Афганистанд явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн юм.
Бэлтгэсэн Г.Орчлон