Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцэв. Улмаар тус намын дүрэм нь Улс төрийн намын тухай хуулийн 11.2.4, 11.2.5, 13.8 дахь заалтад нийцээгүй зэрэг үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа. Тодруулбал, намын дүрэмд тусгах ёстой анхан шатны байгууллага, их болон бусад хуралд төлөөлөгч сонгох, оролцох, удирдах болон хяналтын бүтэц байгуулах, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх зохицуулалт нь шаардлага хангаагүй аж.
Мөн “Санчир-Ундрах” XXK-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нараас ирүүлсэн эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох тухай хүсэлтийг хэлэлцсэн юм. Ингэхдээ Шүүхийн тухай хуулийн 25.7.4 дэх хэсэгт заасан хуулиар харьяалал тогтоогоогүй эрх зүйн маргаан биш, хүсэлтэд дурдсан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн байна.
Бэлтгэсэн Б.Уран