Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон манай сонинд талархал илэрхийллээ. Тус төвийн 60 жилийн ой өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тохиосон. Уг ойг тохиолдуулан манай хамт олонд талархал илэрхийлсэн юм. “Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд нэгдэн, хавдрын эсрэг үйл ажиллагааг дэмжин ажиллаж, хавдар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд талархал илэрхийлье” гэж тус төвийнхөн онцоллоо. Хүн амын эрүүл мэнд, тэр дундаа хавдрын асуудал “Өнөөдөр” сонины байнгын сэдэв байсаар ирсэн бөгөөд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон өвчлөлийн нөхцөл байдал өдгөө ямар байгаа талаарх мэдээллийг уншигчдадаа тогтмол хүргэсээр буй билээ.