Зүүн Азийн залуучуудын наадам ирэх 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм. Энэхүү наадмын хөтөлбөрт таеквондо, чөлөөт бөх, жүдо бөх, волейбол, хөнгөн атлетик, бадминтон, усанд сэлэлт, бокс, хөлбөмбөг, электрон спорт, ширээний теннис зэрэг 12 төрөл багтжээ. Эдгээр спортын холбоодын төлөөлөл өнөөдөр Монголын Үндэсний Олимпын хороонд хуралдлаа.
Хуралд Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Биеийн тамир спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, наадмын Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга И.Баатархүү, Зохион байгуулах хорооны гишүүн Ц.Бат-Энх нар оролцлоо. Наадмын үеэр явагдах тэмцээн уралдааны зохион байгуулалтын гол ажлыг спорт холбоод нугална. Тиймээс спорт холбоодыг бэлтгэлээ эртнээс базааж, ажил гардан хариуцах хүмүүсээ томилж, техник, төхөөрөмжөө нягталж, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлаа нэгдсэн байдлаар танилцуулахыг Зохион байгуулах хорооноос сануулав.
Мөн залуучуудын наадамд 18 хүртэлх насны тамирчид оролцох учир ирэх оноос залуу тамирчдад чиглэсэн тэмцээн уралдаан олныг зохиож, тэндээс баг тамирчдаа сонгон шалгаруулахаар төлөвлөж байгааг БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр энэ үеэр онцоллоо. Түүнчлэн Зохион байгуулах хороо болон спорт холбоодын төлөөлөл ойрын үед дахин хуралдаж, асуудлаа нарийвчлан хэлэлцэхээр тохирсон байна.
Зүүн Азийн залуучуудын наадам спортын 12 төрлөөр зохиогдож, тус бүс нутгийн есөн орны 1500 гаруй тамирчин өрсөлдөх юм байна.