Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” арга хэмжээ энэ сарын 12-нд боллоо. Энэ удаа эрэгтэй тоглогчдоос “Алтан бөмбөг”-ийн эзэн “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Атлетик 220” клуб, Монголын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч А.Тэмүүжин анх удаа тодров. “Шилдэг эрэгтэй багийн дасгал жуулагч”-ийн шагналыг тус клубийн Б.Гарьдмагнай хоёр дахь жилдээ гардлаа. Эмэгтэйчүүдээс “Алтан бөмбөг”, “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн шагналыг “Арвис” клуб, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн довтлогч Ө.Ундрах хүртсэн юм. 2021 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”-аар эмэгтэйчүүдийн лигийн аварга “UBC” клубийн дасгалжуулагч В.Мөнхжаргал жил дараалан шалгарлаа. Олон нийтийн саналаар тодруулсан “Шилдэг гоол” шагналыг “Би си эйч лионс” клубийн тоглогч Ч.Бат-Ирээдүй авсан бол хөлбөмбөгийн ногоон талбайд зохион байгуулсан тоглолтуудыг шударгаа шүүж явуулсан А ангиллын шүүгч Б.Хаш-Эрдэнэ “Алтан шүгэл”-ийн эзэн болсон. Нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх чухал үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн холбоо “Грассрүүтс хөлбөмбөгийн үндэс” шагнал хүртсэн юм.