Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин М.УРАНЦЭЦЭГ (жүдо бөх)
Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд 2021 он онцгой жил байлаа. Тэрбээр зургадугаар сард Будапешт хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол сар гаруйн дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг авчирсан билээ. Улмаар нэг жилийн дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн анхны тамирчин болсон юм. Мөн Тбилиси, Ташкентын Их дуулгад дараалан түрүүлсэн.
Шилдэг шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ (жүдо бөх)
“Будапешт-2021” ДАШТ, “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнсэлсэн Т.Энхцэцэг оны шилдэг шүүгчээр шалгарлаа. Тэрбээр “Токио-2020”-гийн олимпын наадамд хүрэл медалийн төлөөх зургаа, аваргын төлөөх хоёр барилдааныг шүүсэн юм.
Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин Ц.ЦОГТБААТАР (жүдо бөх)
“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар санал асуулгад тэргүүлж, шилдгийн шилдэг эрэгтэй тамирчны “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо. Тэрбээр нэг жилийн дотор жүдо бөхийн гурван Их дуулгад түрүүлсэн анхны бөх болж, дэлхийн чансааг тэргүүлэхэд цөөхөн оноо дутсан нь спортын сэтгүүлчдээс өндөр санал авах үндэс болжээ.
Шилдэг эмэгтэй тамирчин Б.БОЛОРТУЯА (чөлөөт бөх)
“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа оны шилдэг эмэгтэй тамирчдын санал асуулгад 80 оноо авч, хоёрдугаар байрт жагсав.
Шилдэг залуу тамирчин Д.ОТГОНЖАРГАЛ (чөлөөт бөх)
Чөлөөтийн шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргал 20 настайдаа “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэг залуу тамирчнаар шалгарлаа.
Шилдэг баг: 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ
Олимпын наадамд багийн спортын төрлөөр түүхэнд анх удаа эрх аван өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ оны шилдэг багаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.
Паралимпийн шилдэг тамирчин Э.СОДНОМПИЛЖЭЭ
“Токио-2020” паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ паралимпийн шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” гардав.
Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын чөлөөт бөхийн холбоо
2021 онд Монголын чөлөөт бөхийн холбоо спортын амжилтаас гадна спортын хөгжил, маркетингийн үзүүлэлтээр Олимпын төрлийн шилдэг холбоогоор тодорсон юм.
Олимпын төрлийн шилдэг холбоо: Монголын жүдо бөхийн холбоо
Монголын жүдогийн холбоо спортын амжилтаараа бүх холбоог тэргүүлж, оны шилдгээр шалгарав. Монголын жүдочид энэ жил олимпын наадмаас гурав, ДАШТ-ээс хоёр, Их дуулга, гранпри тэмцээнээс зургаан алт, таван мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн амжилттай.