Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг дэлхийн шатрын аварга цолны төлөөх халз тулаан АНЭУ-ын Дубай хотод үргэлжилж байна. Өнгөрсөн сарын 24-нд эхэлсэн уг тэмцээнд дэлхийн 16 дахь аварга, Данийн мастер Магнус Карлсен, ОХУ-ын их мастер, Европын аварга, багийн ДАШТ-ий хошой алтан медальт Ян Непомнящий нар өрсөлдөж буй. 13 настайдаа их мастер болсон Магнус Карлсен 2013 онд анх дэлхийн аварга болсон. Улмаар 2014, 2016, 2018 онд аварга цолоо хамгаалсан юм. Тэрбээр шатрын “хаан”-ы титмийг найм дахь жилдээ зүүж байна. Ян Непомнящий хувьд цар тахлын улмаас хоёр жил дамнан, хоёр удаа болсон ДАШТ-ий аваргын төлөө өрсөлдөх эрхийн тэмцээнд түрүүлэн, Карлсентай ур ухаанаа уралдуулах болсон.
Хоёр их мастер 1990 оных. Дэлхийн аварга цолны төлөө тэд 14 өрөг (өмнө нь 12 өрөг тоглодог байсан) нүүх бөгөөд түрүүлж 7.5 оноо авсан нь ялна. Хэрэв оноо тэнцвэл тай-брэйк буюу богиносгосон цагаар дөрвөн өрөг тоглуулж, ялагчийг тодруулах дүрэмтэй. Шагналын сан нь хоёр сая евро. Үүнээс ялагч 60 хувь буюу 1.2 сая, ялагдсан нь 40 хувь буюу 800 000 евро авах юм.
“Уулгүй тал дахь цусгүй тулаан” тун сонирхолтой, тэнцүүхэн эхэлж, эхний таван өрөгт тэд хайнцан, онооны харьцаа 2.5:2.5 болсон. Харин зургаа дахь өрөгт дэлхийн аварга өрсөлдөгчөө хожин, оноогоо 3.5 болгосон бол долоо дахь өрөгт дахин тэнцэв. М.Карлсен найм, ес дэх өрөгт дараалан хожиж, онооны харьцаа 6:3 болсноор Ян Непомнящий хүндхэн байдалд оров. Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалахад тун ойрхон ирлээ. Одоо үлдсэн таван өрөгт тэрбээр 1.5 оноо (нэг хожил, нэг тэнцээ, эсвэл гурван удаа хайнцахад) авахад аварга цолоо хамгаалах нь. Ян Непомнящийд гурван удаа хожиж байж тэнцэх боломж бүрдэх юм. “Тулаан”-ы 10 дахь өрөг өнөөдөр явагдах бөгөөд М.Карлсен цагаанаар нүүнэ.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин