Олон улсын тэшүүрийн холбооны Дэлхийн цомын тэмцээний гурав дахь гараа АНУ-ын Юта мужийн Солт-Лейк хотод энэ сарын 3-5-нд боллоо. “Бээжин-2022” өвлийн олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурд сорив. Эрэгтэйчүүдийн бөөн гараанд манай тамирчдаас Я.Зоригтбаатар хоёр дахь хагас шигшээд өрсөлдөж, 24 дүгээрт бичигдэв. Дэлхийн цомын гурван гарааны дараах оноогоор тэрбээр 50 тамирчнаас 34 оноотой 44 дүгээр байрт жагслаа. Эмэгтэйчүүдээс А.Зул хэсэгтээ 19 дүгээр байр эзлэв. Тэрбээр нийлбэр дүнгээр 41 тамирчнаас 46 оноотой 33 дугаар байрт бичигдсэн. Манай тэшүүрчид үүний дараа Канадын Калгари хотод зохион байгуулах Дэлхийн цомын тэмцээний дөрөв дэх гараанд оролцох юм.