Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөл, сонгомол бөхийн жин тус бүрт (нийт 30 жин) дэлхийн чансааны эхний гурван байрт жагссан тамирчинд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн. Чансааг тэргүүлсэн бөх 10 000, удаалсан нь 7000, гуравт бичигдсэн нь 3000 ам.долларын шагнал хүртэх юм. Эмэгтэйчүүдээс уг шагналыг хүртэх тамирчдын нэрийг зарлахад Монгол Улсаас нэг бөх багтсан нь ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Шоовдор. Тэрбээр 59 кг-ын жинд 39 оноотой III байрт жагссан амжилтаар 3000 “ногоон” гардахаар боллоо. Б.Шоовдор Казахстан улсын Алматы хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан Азийн АШТ-д үзүүрлэсэн бол аравдугаар сарын эхээр Норвегийн Ослод болсон ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртсэн юм.