Финландын Рика хотод цанын “Дэлхийн цом”-ын ээлжит гараа өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдсан юм. Тус тэмцээний багийн цуваа гарааны өмнөхөн Норвегийн баг дуулиан дэгдээж, уралдааныг “бойкотолсон”. Тэдний ингэх болсон шалтгаан нь хэт хүйтрэл гэнэ.
Норвегийн багийн лидерүүдийн нэг Й.Клебо уралдаанаас татгалзах болсон талаараа “Улирал дөнгөж эхэлсэн болохоор би мэдээж тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа. Гэхдээ ийм хүйтэнд биеэ бодсон нь дээр гэж үзсэн юм. Хэдий бие халаалт хийсэн ч арай л хүйтэн байлаа. Цуврал тэмцээнүүд эхэлж байгаа учир ирэх долоо хоногийн гараанд уралдах боломж гарах биз ээ” хэмээн инстаграмдаа бичжээ. Уралдаан болсон өдөр Рика хотод 18 градусын хүйтэн байсан юм. Тус гарааны эхний гурван байрыг ОХУ-ын тамирчид эзэлжээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар