Монголын волейболын “Үндэсний дээд лиг-2021” тэмцээний III тойргийн тоглолтууд өндөрлөж байна. Эмэгтэйчүүдийн баг тойргийн сүүлчийн тоглолтод эн тэнцүү тоглосноор Г.Баярсайхан дасгалжуулагчтай “Хобби Эйс” багийнхан тэмцээнийг хожигдолгүй хошуучилж байна. Тэгвэл Л.Нарантуяа дасгалжуулагчтай “Алтайн барс”-ынхан хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.
Б.Хэрлэн дасгалжуулагчтай “Энагурэ” багийнхан өмнөх хоёр тойргийн амжилтаа ахиулж, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Тэгвэл “Уурхайчин”-ыхан гурван тойргийн турш сайн өрсөлдсөн ч цөөн онооны зөрүүгээр V байрт шалгарч, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов.
Эрэгтэйчүүдийн багийн хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд сонирхолтой өрнөсөн. Дөрөв, тавдугаар ээлжийн тоглолтыг “Дархан-60” багийнхан илүүрхэж, чухал ялалтыг авсан юм. Тэд лигийн тэмцээнд одоогоор найм хожиж, долоо хожигдсон амжилттай байна.
Дээд лигийн аварга “Хасу мегаватт MGL” багийнхан хүчтэй өрсөлдөгчийн нэг “Дархан-60”-ынхныг ялж, багаараа маш сайн тоглолт үзүүлсэн бол “Хос бар Баянмөнх” багийнхан “Эрчим”-ийнхнийг хожиж, IV байрын төлөө тоглосон багуудын өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон. “Эрчим” багийнхан сүүлийн тойргийн дөрөв дэх тоглолтдоо “Хасу мегаватт MGL”-ийнхнийг буулган авч, хүснэгтэд байр ахих боломжтой боллоо. Гал гарсан өрсөлдөөнтэй тоглолтуудаас энэ удаа “Натур мед ноён”-ыхон өрсөлдөгч “Дархан 60”-ыг хожиж, Орхон аймгийн “Уурхайчин” багийнхан хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдсөн “Алтайн барс Хилчин” багийг тавдугаар ээлжийн тоглолтод илүүрхэв. Тэмцээний хагас шигшээ тоглолтууд Спортын төв ордонд энэ сарын 6-наас эхэлнэ. Харин III тойргийн үлдсэн хоёр өдрийн тоглолт энэ сарын 2-4-нд “МЖ спорт төв”-д болно.