ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулдаг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдгийг нь МҮОХ-ноос өчигдөр гардуулав. Олимпод оролцогчдын холбооны тэргүүн Э.Бадар-Ууган “Олимпын наадамд оролцох нь тамирчин бүрт олддоггүй хувь тохиол. Тиймээс олон улсад олимпод оролцохыг бусад салбартай харьцуулахад докторын зэрэг хамгаалсантай дүйх амжилт гэж үздэг. Та бүхэн эх орноо төлөөлж уг наадамд оролцсондоо бахархаж яваарай” гэсэн юм. Олимпод оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй Үндэсний олимпын хороог эгнээндээ нэгтгэж, 100 мянга гаруй гишүүнтэй болжээ.
Энэхүү өнөр бүл Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэллээ. Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдэг гардан авч, олон улсын холбоонд бүртгэлтэй болох нь ач холбогдолтой. Тухайлбал, тус холбоогоор дамжуулж сургалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгэмд сайн сайхныг түгээх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.