Дэлхийн ерөнхий боловсролын сургуулиудын шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнийг нэг жилийн хугацаанд цахимаар зохион байгууллаа. Үүнд 53 улсын 296 баг оролцож, шигшээд 10 орны шилдэг 12 багийн 108 өсвөрийн тамирчин оюун ухаанаа сорихоор шалгарсан. АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн сарын 23-30-нд шигшээ шатны тоглолтыг танхимд зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулав. Тэмцээнд Энэтхэгийн “Веламмал Нексус” багийнхан аваргаар тодров. Перу улсын “Сако Оливерос” багийнхан удаалж, Монголоос Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн шатарчид хүрэл медаль хүртэв. Тэгвэл нийслэлийн нэгдүгээр сургуулийн багийнхан IV байрт шалгарсан юм. III байр эзэлсэн манай тамирчдын шагналыг Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович гардуулсан байна.
Сонирхуулахад, нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн өнгөрсөн сарын 30-нд боллоо. Олон улсын шатрын холбооны “Элит брейн & Их заргач” шатрын академийн тамирчид үүнд багийн дүнгээр тэргүүлж, “Багануур” дүүргийнхэн II, “Хос мастер” шатрын академи, “Босоо ноён” клубийн багийн үзүүлэлт тэнцсэнээр III байр эзэлжээ.