АНЭУ-ын Абу Дабид зохион байгуулсан Их дуулга тэмцээний сүүлчийн өдөр “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Румыний Владут Симионескуг мордох мэхээр цэвэр ялж, анх удаа алтан медаль хүртлээ. Тэрбээр чансаагаа 1000 оноогоор ахиулж, шилдэг 20 тамирчны жагсаалтад багтав. Тэгвэл эмэгтэйчүүдийн +78 кг-д Бакугийн ”Их дуулга”-ын мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин А.Адъяасүрэн хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аварга, Францын Корали Хеймид ялагдаж V байр эзэлсэн юм.