АНЭУ-ын Абу-Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнийг энэ сарын 26-28-нд зохион байгууллаа. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Токиогийн олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар аваргын төлөө Узбекистаны Х.Тураевийг ялав. Ингэснээр тэрбээр уг жиндээ дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Эл жинг тэргүүлж байсан, олимпын иж бүрэн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, ОХУ-ын Армен Агаяны нар хүрэл медаль хүртсэн. -66 кг-д “Будапешт-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Францын Валид Хярыг мордох, эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Хорлоодой Мароккогийн Соумия Ираоуйг хөмрөх мэхээр цэвэр ялж, шагналын тавцанд зогссон. Тэгвэл -57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Энхрийлэн Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Британийн Аселъя Топрактай хүч сориход өрсөлдөгч нь хориотой мэх хийсэн тул манай тамирчинд ялалтыг өгч, хүрэл медаль зүүсэн юм. -70 кг-д Ц.Энхчимэг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Британийн Келли Петерсен Поллардтай барилдаж, торгуулиар ялагдсанаар V байрт шалгаран, чансаагаа 360 оноогоор ахиулав. Монголын жүдочид Абу-Дабигийн дэвжээнээс нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 орноос III байрт жагсаж байна.