Англичууд нэг сонирхолтой тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Жилд ганц удаа, хоёрдугаар сарын 25-нд Букингемшир гүнлэгийн Олни хотод болдог бөгөөд хайруулын тавагт хуймаг шарангаа гүйдэг уралдаан юм. Хуймагтай уралдаан хэмээдэг уг арга хэмжээ 1445 оноос уламжлалтай. Тэр үед сүмийн тогооч нэг эмэгтэй мөргөлийн цагаас хоцрохгүйн тулд замдаа хуймаг хайрч явснаас ийм уралдаан үүссэн аж.
Гараанаас гарахдаа шарж эхэлсэн хуймгаа гүйх зууртаа гурван удаа дээш шидэн эргүүлж, болгох учиртай уралдаанд оролцогчид 380 метр зам туулах дүрэмтэй. Дүрэмт хувцас нь тогоочийн малгай, хормогч. Халуун хайруулын тавган дээрх хуймаг буюу блинчик эргүүлж, шарангаа гүйх нь тийм ч амар ажил биш. Барианд түрүүлж орох нь чухал ч үндсэн үүргээ биелүүлээгүй бол түрүүлсэнд тооцоохгүй. Барианы шугам нь сүмийн үүдэнд байдгаараа бас нэг онцлог уг уралдааны дүрэмд зааснаар хуймгийг унагавал шууд ялагдал юм.
Дэлхийн II дайны үеэр нэг хэсэг завсарласан “Olney рancake race” уралдааныг 1948 онд үргэлжлүүлж, 13 хүн оролцжээ. 1950 он гэхэд олон улсын хэмжээнд зохион байгуулах болсон бөгөөд АНУ Канзас мужийн Либерал хотынхон анхдагч юм байна. Тэр цагаас хойш Олни, Либерал хотынхон жил бүр өрсөлддөг болсон.
Энэ арга хэмжээг Британид улам дэлгэрүүлж, парламентын гишүүд, нэр нөлөөтэй, олны танилуудыг хамруулахад “Rehab” буяны байгууллага их үүрэг гүйцэтгэж иржээ. Уралдааны үеэр хийсэн хуймгуудаар эмзэг бүлгийн хүмүүсийг дайлахын зэрэгцээ тэднийг үзэгчээр оролцуулдаг нь олон талт дэмжлэг болдог байна. Өнгөрсөн хоёрдугаар сард цар тахалтай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ, спортын тэмцээн зохион байгуулахыг хязгаарласан учраас “Olney рancake race”-ын хороо “Хуймагны уралдааныг цуцлах болсон нь туйлын таагүй явдал. 2022 оныг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдээлжээ.
Ташрамд өгүүлэхэд, энэ уралдаанаас салаалсан сонирхолтой олон арга хэмжээ Британийн хотуудад болдог. Жишээ нь, Лондон дахь Вестминстерийн сүмийн дэргэдэх хөвгүүдийн сургууль жил бүр хуймагны наадам явуулдаг. Наадам нэртэй ч энэ нь уралдаан бөгөөд сүмийн тогооч таван метр өндөр тавцан дээрээс янз бүрийн хэмжээтэй хуймагнуудыг шидэж, хөвгүүд түүнийг унагахгүй барьж авах дүрэмтэй. Хамгийн том хуймаг авсан нь мөнгөн урамшуулал хүртдэг аж.