Орхон голын хөндийд өвлийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой арга хэмжээг экстрим спорт сонирхогчид 2012 оноос жил бүр зохион байгуулдаг болсон. Орон нутгаас мөсөнд авирагчид Улаан цутгалангийн хүрхрээг зорьж, хоёр өдөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог. Энэхүү арга хэмжээг “Монголиа экспедишнс” ХХК, Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын санаачилгаар “Ice сhallenge Mongolia” нэртэй анх хийж байв. 2019 оноос “Karakorum ice festival” хэмээн нэрлэх болсон тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 4-5-нд болно. Энэ жилийн тэмцээний бэлгэ тэмдэг “Цасхан” цагаан хэрэм байх юм. Хэрэм модонд дүүлж, өндрөөс унасан ч гэмтдэггүй тул тэм-цээнд оролцох тамирчдыг осол, бэртэлгүй авирахыг бэлгэдэж сонгожээ.