Монголын волейболын “Үндэсний дээд лиг-2021” тэмцээний II тойргийн тоглолтод эрэгтэйчүүдийн багаас Л.Баатархүрээ дасгалжуулагчтай “Хасу мегаватт MGL”, эмэгтэйчүүдээс Г.Баярсайхан дасгалжуулагчтай “Хобби эйс” багийнхан хошуучилж байна. Р.Тамираа дасгалжуулагчтай “Натур мед ноён”-ыхон тав дахь тоглолтдоо хожсоноор дөрвөн хожил, нэг ялагдалтай тоглолтыг үргэлжлүүлж буй. Багийн ахлагч М.Цэрэнбаатар шилдгээр тодорч, холбогчийн үүргээ амжилттай гүйцэтгэн хожсон юм. Тэгвэл Б.Даринчулуун дасгалжуулагчтай “Эрчим”-ийнхэн гурав дахь хожлоо авсан бол “Дархан 60” багийнхан гурав, дөрөвдүгээр ээлжийн тоглолтод сайн тоглосон ч хожиж чадсангүй. “Эрчим”-ээс З.Цэнд-Аюуш мөн л шилдгээр тодрон, довтолгоонд голлох үүрэгтэй тоглож, багаа тэргүүллээ. “Хос бар Баянмөнх” багийнхан тоглолтоороо тэргүүлж буй “Хасу Мегаватт MGL”- ынхныг тавдугаар ээлжийн тоглолтод буулган авч, гурав дахь ялалтаа авав. Багийн ахлагч Р.Хангай сонирхолтой тоглолтуудыг үзүүлж, аварга багийг хожиход их нөлөөлсөн. Дээд лигийн эхний хоёр тойрогт “Хилчин”-ий довтлогч Г.Энхнаран довтолгоо, С.Тэмүүлэн хаалтын оноогоор тэргүүлж явна. Өнгөрсөн долоо хоногийн тэмцээнд “Эрчим”-ийнхэн “Хос бар Баянмөнх” багийнхантай тоглож 3:1-ээр хожсон юм. Тоглолтын дараа “Эрчим” клубийн менежер багийнхаа долоо дугаартай тоглогч Б.Батсуурьт гар хүрсэн нь үзэгчдээс ихээхэн шүүмжлэл дагуулав. Тэрбээр түүнийг тоглолтдоо төвлөрөлгүй оноо алдсан гэж бухимдсан байна. Монголын волейболын холбоо ёс зүйгүй менежерт хариуцлага тооцуулахыг шаардсанаар клуб нь хуралдаж, арга хэмжээ авчээ.