АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод энэ сарын 21-нд зохион байгуулсан нээлттэй тэмцээний 500 хүртэлх чансаатай ангилалд оролцсон тамирчдаас Г.Төгөлдөр түрүүлж, аварга боллоо. 1000 хүртэлх чансаатайд Д.Хангай удаалж, К12 хүртэлх насныхад Г.Тэнүүн гуравдугаар байрт шалгарав. Тус тэмцээнд оюун ухаанаа сорьсон сурагчид “Элит брэйн” олон улсын академийн дасгалжуулагч, их мастер А.Энхтуулын шавь. Тэд түүний удирдлагад цахимаар хичээллэж, уг тэмцээнд амжилт гаргажээ. Сонирхуулахад, Монголын оюутны спортын холбооны ээлжит чуулганы үеэр 2020 оны “Шилдэг оюутан тамирчин”-аар “Мон-Алтиус” БТДС-ийн оюутан, ОУ-ын шатрын холбооны мастер Э.Хулан Ази тивийн оюутны аварга шалгаруулах цахим тэмцээнд оролцож, хошой аварга болсон амжилтаар шалгарсан байна. Ташрамд дуулгахад, Казахстан улсын Нур-Султан хотод шатрын блиц, рапид тоглолтын ДАШТ ирэх сарын 25-31-нд зохион байгуулах болжээ. Тус тэмцээний II ангилалд эрэгтэйчүүдийн гадаад чансаа 2550, эмэгтэйчүүдийнх 2250 оноотой бол оролцох боломжтой.