Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблей өчигдөр болж, 2025 онд Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах орноор Саудын Арабыг сонгов. Тус улсын Эр-Рияд хотын хувьд 2034 онд Азийн наадмыг зохион байгуулахад энэ нь бэлтгэл ажил хангаж, туршлага хуримтлуулах томоохон боломж юм. Тус наадам хамгийн сүүлд 2017 онд Туркменистаны Ашхабатад болж, дараагийнхыг нь энэ жил Бангкокийн Чонбурид хийх байсан. Гэсэн ч цар тахлын улмаас хойшлуулан, ирэх жил явуулахаар төлөвлөсөн. Танхимын болон тулааны спортын наадам нь тивдээ Азийн наадмын дараа орох томоохон арга хэмжээ. Өмнөх наадамд Ази тив болон далайн орнуудын төлөөлөл 63 орны 4000 гаруй тамирчин өрсөлдөж байв. Тэгвэл дэлхийн тулааны спортын наадмыг 2023 онд Эр-Рияд хотод зохион байгуулах болжээ.