Булган аймгийн Тэшиг сумын 90 жилийн ойг тохиолдуулан Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди агсны Монголын боксын спортод оруулсан үнэтэй хувь нэмэр, үйл хэргийг нь мөнхжүүлэн, алдаршуулах зорилгоор төрсөн нутаг болох Булган аймгийн Спортын ордны өмнө хөшөөг нь босгох үйл ажиллагаа өнөөдөр болно. Тэрбээр 1948 онд тус аймгийн Тэшиг сумд төрж, 1966-1976 оны хооронд тамирчны замналаа үргэлжлүүлжээ. “Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадамд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр улсын долоон удаагийн аварга болж, Ази тивийн мөнгөн медаль, Румыний “Алтан бүс” тэмцээний анхны бүсийг эх орондоо авчирч байв. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид түүний удирдлагад бэлтгэл хийж, “Бээжин-2008” олимпод амжилттай оролцон алт, мөнгөн медаль хүртсэн юм. Монголын боксын холбоо болон Булган аймгийн биеийн тамир, спортын газартай хамтран түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нар нь хөшөөг нь босгох ажилд гар, бие оролцжээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг