Словакийн хөлбөмбөгийн II лигийн “ФС Комарно” багт зээлээр тоглож буй легионер Г.Ганбаяр Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны J хэсгийн тоглолт өнгөрсөн сарын сүүлчээр Монголд болоход ирж оролцсон. Тэрбээр тоглолтын дараа тус улсыг зорьж, энэ сарын 10-нд болсон цомын АШТ, 13-нд лигийн сүүлийн тоглолтод өрсөлдөв. Лигийн цомын тэмцээний дөрөвдүгээр тойрогт “ФС Комарно”, “МФК Земплин” багийнхны тоглолт өрсөлдөөнтэй болжээ. Ингэснээр, 2:1 харьцаатай “ФС Комарно” хожлоор өндөрлөсөн. Тэгвэл лигийн 16 дугаар тойрогт тэдний багийнхан “ФК Дубница”-тай тоглож, талбайд өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авсан юм. Дараагийн тойрогт “Зилина” багийнхантай тоглож, 1:1 тэнцээгээр тэмцээнээ өндөрлүүлэв. “ФС Комарно”-гийнхон энэ тойрогт тэнцсэнээр 37 оноотой лигийн хүснэгтийн эхэнд бичигдлээ. Тэд цомын тэмцээний V шатанд шалгарч, өвлийн амралтаа эхлүүлээд байна. Лигийн 18 дугаар тойрогт тэрбээр багийнхантайгаа “Партизан Бардежов”-той ирэх жилийн хоёрдугаар сарын 26-нд тоглох аж.
Бэлтгэсэн Г.Цэцэг