“Их дуулга” тэмцээнүүдэд нийт 20 удаа түрүүлсэн нэрт теннисчин Р.Федерер өвдөгний гэмтлээ хэрхэн илаарьшуулж буй талаараа ярьсан байна. “Нэгдүгээр сараас бага багаар гүйж эхлээд гурав, эсвэл дөрөвдүгээр сараас задгай талбайн бэлтгэлдээ орох болов уу. Тэвчээртэй байж, өвдгөө урьдынх шиг хүчтэй болгохыг хичээх нь чухал байна. Ойрын хэдэн сар миний хувьд шийдвэрлэх үе байх болно. Энэ байдлаараа 2022 оны зунаас тэмцээнд оролцож эхлэх байх. Гэмтлээ эдгээгээд Уимблдонд оролцож чадвал би өөртөө их л гайхах биз ээ. Би өөрийгөө юу чадахыг сүүлчийн удаа хармаар байна. Тийм учраас бүрэн эдгэрэхийн төлөө бүхий л хөлс хүчээ зориулна. Гэхдээ “Их дуулга”-ын финалд дахин тоглож чадахгүй байлаа гээд миний амьдрал нурж унахгүй. Дахин дээд түвшинд тоглох нь миний хувьд амаргүй гэдгийг мэдэж байгаа ч би ид шидэд итгэхийг хүсэж байна” хэмээн швейцар теннисчин ярьжээ.
Бэлтгэсэн Н.Энх