Ирэх жил Катар улсад болох хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх Европын бүсийн хэсгийн тоглолтууд дууслаа. Эдгээр тоглолтын үр дүнд 10 баг Катарыг зорих эрхээ авсан бол тэдэн дээр өчигдрийн байдлаар Бразил, Аргентины шигшээ баг нэмэгдэв. Одоогоор эрхээ аваад буй 13 багийг товч танилцуулъя.
- КАТАР - ДАШТ-ийг зохион байгуулагч улсын шигшээ
- ГЕРМАН - Нийт ес ялж, хэсгийн тоглолтуудаа өөгүй гэмээр амжилттай дуусгав. Гэхдээ Х.Фликийн залуус Хойд Македонийн багт ялагдаж дуулиан дэгдээснийг эс тооцвол.
- ДАНИ - Мөн л есөн ялалт, ганц ялагдалтайгаар хэсгээ тэргүүлэв. Гэхдээ тэд юуг ч үл шийдэх хэсгийн сүүлчийн тоглолтдоо Шотландын багт ялагдсан юм.
- БРАЗИЛ - Өмнөд Америкийн бүсэд 13 удаа тоглохдоо Титегийн удирдсан баг нэг ч ялагдаагүй, хоёрхон удаа тэнцсэн амжилттай явна. Тэднийг эрхийн төлөөх таван тоглолт хүлээж буй ч ДАШТ-ий эрхээ нэгэнт халааслаад байна.
- АРГЕНТИН - Өчигдөр Бразилын багтай 0:0-ийн харьцаатай тэнцсэнээр хэсгийн тоглолт дуусахаас дөрвөн оглолтын өмнө тэд Катарыг зорих эрхээ авав. Хэсэгтээ IV, V байрт бичигдэж буй Перу, Колумби онолын хувьд Л.Мессигийн багийг оноогоор гүйцэх боломжтой ч нэгдүгээр сард хоорондоо тоглож, аль нэг баг нь оноо алдах учир аргентинчуудад айх зүйл алга.
- ФРАНЦ - Хэсгийн гол өрсөлдөгчидтэй тоглоод оноо алдсан ч (Украинтай гэхэд хоёр удаа тэнцсэн) Европын аваргууд ДАШТ-д оролцох эрхээ шууд авлаа.
- БЕЛЬГИ - “Алтан үеийн” энэ багаас зөвхөн Чех (1:1), Уэльсийн (1:1) багууд оноо салгажээ. Тэд 25 гоол оруулж, ердөө зургаан гоол алдсан үзүүлэлтээр хэсгээ итгэл төгс тэргүүллээ.
- ХОРВАТ - Сүүлчийн тоглолтдоо ОХУ-ын багийг буулгаж авснаар хэсгийн тэргүүн багаар тодорсон.
- СЕРБИ - Хэсгийн сүүлчийн тоглолтдоо ялах даалгавартай байсан тэд К.Роналду тэргүүтэй Португалын багийг 90 дэх минутад “жийснээр” урдуур нь орж Катарын визээ шууд өвөртөлсөн.
- ИСПАНИ - ДАШТ-ий эрхийн төлөөх 66 тоглолтод буюу 28 жилийн турш ялагдаагүй агуу амжилтыг нь шведүүд тасалдуулав. Гэхдээ Л.Энрикегийн удирдсан багийг “Катар-2022”-ын эрхээ шууд авахад нь юу ч саад болж чадсангүй.
- АНГЛИ - Хэсгийн тоглолтуудыг хялбархан давсныг нь 39 гоол оруулж (Сан-Мариногийн хаалганд 15 гоол оруулсан), ердөө гурван гоол алдсан үзүүлэлтээс нь харж болно.
- НИДЕРЛАНД - Эрхийн төлөөх эхний тоглолтуудад тааруу формтой байснаас гадна “Евро-2020”-д амжилтгүй оролцсон тус багийг Л.Ван Гаал удирдах болсноор хэсгээ тэргүүлж чадлаа. Хэсгийн сүүлчээсээ хоёр дахь тоглолтод Черногортой тэнцэж (0:2-оор хожигдож байсан) эвгүйтэх дөхсөн.
Европ тивээс дахин гурван баг ДАШТ-ий эрхээ авах боломжтой. Эрхийн төлөөх тэдгээр тоглолт ирэх хавар явагдах хуваарьтай юм.
Бэлтгэсэн Н.Энх