“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо анхны хурлаа өчигдөр цахимаар хийлээ. Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 3-ны 337 дугаар тогтоолоор наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ахлуулан баталсан байна. Хорооны ажиллах журам, наадмын үзэл баримтлалыг өчигдрийн хурлаар баталжээ. Мөн Зүүн Азийн олимпын хороонд танилцуулж батлуулах Зохион байгуулах хорооны бүтэц, наадмын спортын төрөл, хугацаа зэргийг хэлэлцэв. Зүүн Азийн залуучуудын наадмыг Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны дүрмийн дагуу зохион байгуулдаг. Уг наадамд манайхаас гадна Азийн найман орны 1500 тамирчин спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөх нь. Мөн тус наадамд 900 орчим албаны төлөөлөгч оролцох аж.