Монголын волейболын “Үндэсний дээд лиг-2021” тэмцээний II тойргийн тоглолт үзэгчидтэй үргэлжилж байна. Багууд эн тэнцүүхэн өрсөлдөж байгаа нь онооны харьцаанаас харагдсан. Эрэгтэйчүүдийн багаас “Хасу мегаватт MGL”, “Хос бар Баянмөнх”, “Натур мед ноён” хожигдолгүй байгаа. Амжилтаараа тэргүүлж буй хоёр багийн тоглолт ширүүхэн боллоо. “Натур мед ноён”-ыхон “Эрчим”-ийг хоёр дахь удаагаа 3:0-ээр хожоод байна. Тоглолтын шилдгүүдийн нэг болсон Т.Хангал багийнхаа хожилд голлох үүрэг гүйцэтгэж 16 оноо авсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс лигийн хүчтэй баг болох “Хилчин”, “Энагурэ”- гийн тоглолт тун сонирхолтой өрнөв. “Энагурэ” баг энэ удаа өрсөлдөгчөө 1:3-аар ялснаар хожлын харьцаа 1:1 болж тэнцлээ. Хасагдах шатанд өрсөлдөхийн тулд тоглолт бүрт хожих шаардлагатай болоод буй тус багийнхны холбогч Д.Түмэнцэцэг шилдгээр шалгарлаа. Түүний давуулалтаар баг нь найман оноо авсан нь лигийн шинэ дээд амжилт болж бүртгэгдлээ.
Үндэсний дээд лигт анх удаа оролцож, ур чадвараа сорьж байгаа “Хөвсгөл шинэ үе” баг “Уурхайчин”- ыхантай тоглон 2:3-аар буулган авч эхний хожлоо авсан. Дасгалжуулагч ОУХМ Г.Баярсайхан холбон тоглогчийн байрлалд оновчтой өөрчлөлт хийж, ОУХМ Д.Алтансувдыг тоглуулсан нь ялалтыг өөрийн талд эргүүлэв. V ээлжийн төгсгөлд довтолгоонд голлох үүрэгтэй тоглож, багтаа хожил авчирсан “Уурхайчин”-ы ахлагч Б.Нинжболор 21 оноогоор багаа тэргүүлж, мөн л шилдгээр шалгарсан юм. Одоогоор “Хобби-Эйс” багийнхан тэмцээнийг хожигдолгүй тэргүүлсээр байна. Тэд “Алтайн барс”- ыг 1:3-аар илүүрхэж, хоёр дахь хожлоо авав. Багийн тоглогч Б.Ану 12 оноо авч, тоглолтын шилдгээр тодорлоо.