Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын бөхчүүдээс эхний өдөр 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний даваанд ялснаар 69 дэх их аварга Хакүхогийн М.Даваажаргалын 20 жил зодоглосон дэвжээнд ур чадвар, бяр, хүчээ харуулж эхэллээ. Тус башёгийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал тохиосон нь Хакүхо Магаки ояката шинэ ажилд орж, бэлтгэлийн өрөөний хаалганд хамгаалалтад гарсан байв. Сүмогийн холбооны харуулын албаны хувцастай зогсох түүнийг үзэгчид их гайхаж харсан аж. Тэрбээр барилдааны дараа хэвлэлийнхэнд утсаар ярилцлага өгөхдөө ажлынхаа талаар “Бямба гарагт анх удаагаа юу ч бодолгүй байж үзлээ. Өнөөдөр ордноор явж хүмүүстэй мэндлэхэд найрсгаар дурсгалын зураг авхуулсан. Бүх зүйл шинэ, сонин санагдаж байна. Барилдах гэж буй бөхчүүдийг хараад бага зэрэг атаархлаа. Зогсож байхад сонин мэдрэмж төрж, гарын хөлс гарсан. Хүмүүс ояката гэж дуудахад хэнийг хэлээд буй юм бол гэж эхэндээ гайхаж байгаад даслаа. Миний харьяалагддаг өргөөнийхөн төдийгүй Сүмогийн холбооны гишүүд, бүх хэлтэс шаргуу ажилладаг юм байна. Тэднийг хараад би ч гэсэн шаргуу ажиллах ёстой гэсэн бодол төрсөн. Нэг мэдэхэд ажлын цаг дууссан байв. Ояката гэж дуудуулж сураагүй ч одооноос ажлаа сайн хийнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэгвэл NHK телевизийн тайлбарлагчаар ажилласан ёкозүна асан Китанофүжи түүний талаар “45 түрүүлсэн Хакүхо аваргыг хамгаалалтад гаргах хэрэг байна уу. Холбооны энэ хувцас царай муутай, би зодог тайлсныхаа дараа ер өмсөөгүй юм даг” гэж өгүүлсэн байна. Түүнчлэн монголчууд ч нийгмийн сүлжээгээр “Их аваргыг хамгаалагч болгожээ. Монголд ирсэн бол дарга, УИХ-ын гишүүн болох байсан даа”, Агуу аварга байсан ч ояката болоод доороос нь эхэлдэг юм байна. Тэмцээний үеэр үүдэнд зогсоно, билет тасална, шалгана, үзэгчдэд тусална гэх мэтээр бүх ажлыг шат дараатай хийж цааш дэвшинэ. Ёс зүй, ёс суртахуун, дүрэм журам, хүндрэл ноёлсон нийгэм гэж энэ бололтой” гэх зэргээр сэтгэгдлээ хуваалцжээ.